



















АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын нэр Жеффри Эпштейний (хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт ашигласан хэрэгт шалгагдаж байхдаа амиа хорлосон гэгддэг) хэрэгтэй холбоотой хавтаст хэрэгт нэр нь дурдагддаг талаар Хууль зүйн яамны сайд түүнд мэдэгдсэн гэж "Wall Street Journal" мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ихээхэн шүүмжлэлд өртөөд байна.
Хууль зүйн яам (DoJ)-ныхан энэ оны эхээр хэргийн материалыг нягтлахад Доналд Трампын нэр хэд хэдэн удаа дурдагдсан байсныг мэдсэн бөгөөд энэ талаар Трампад тавдугаар сард Цагаан ордон дахь товч танилцуулгын үеэр Хууль Зүйн Сайд Пам Бонди мэдээлсэн байна.

Трампын нэр дурдагдсан нь ямар нэгэн хууль бус үйлдэл хийсэн гэсэн үг биш гэдгийг эх сурвалжууд онцолжээ. Эдгээр материалд хэдэн зуун хүний нэр багтсан бөгөөд зарим баримт нь хүүхдийн "порнограф" зураг болон хохирогчдын хувийн мэдээлэл агуулдаг тул нийтэд ил гаргах боломжгүй гэж албаны хүмүүс мэдэгдээд байна.
Доналд Трамп болон Жеффри Эпштейн нарын нөхөрлөл нь өнөөгийн АНУ-ын улс төрийн дотоод зөрчил, хардлагын төвд ороод буй. Эпштейн нь 2019 онд Нью-Йорк дахь хорих газар амиа хорлосон бөгөөд түүнд өсвөр насны охидыг бэлгийн мөлжлөгт ашигласан гэх хэрэгт ял төлөвлөж байсан. Харин түүний хамтрагч байсан Гислейн Максвелл нь 2021 онд буруутгагдаж, одоо 20 жилийн ялаа эдэлж байна.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Стивен Чеүнг:
“Ерөнхийлөгч Трамп түүнийг (Эпштейнийг) ёс бус зан авир гаргасны дараа өөрийн клубээс хөөж байсан. Энэ бол зүгээр л либерал хэвлэл мэдээлэл болон Ардчилсан намаас зохион байгуулсан ээлжит хийсвэр дайралт юм,” гэж мэдэгджээ.
7-р сарын 24-нд шүүгч Робин Л. Розенберг 2019 оны дээд шүүхийн мэдүүлгийн баримтыг ил гаргах Ерөнхийлөгч Доналд Трампын хүсэлтээс татгалзав. Тэрээр энэ мэдүүлэг нь шүүх ажиллагаанд ашиглах хүсэлт биш учраас хуулийн дагуу шүүх баримтыг ил гаргах боломжгүй гэж мэдэгдсэн.
Энэ нь Трампын хувьд томоохон ухралт болсон. Учир нь тэрбээр өөрийн MAGA (Make America Great Again) үзэл баримтлалыг дэмжигчдийг тайвшруулахын тулд баримтыг ил болгохоор оролдож байсан.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын хяналтын хороо Максвеллыг гэрчийн мэдүүлэг өгөхөөр наймдугаар сарын 11-нд Флорида дахь хорих газраас дуудах болсныг мэдэгдэв.
Бүгд найрамдахчуудын зүгээс Ерөнхийлөгч Трамптай энэ талаар зөвшилцөөгүй гэдгээ хэлж, Эпштейний баримт бичгийг нийтэд бүрэн ил болгохыг шаардаж буй.
Төлөөлөгчдийн танхимын хяналтын хорооны дарга Жеймс Комер:
“Таны болон Эпштейний хэрэг олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байгаа бөгөөд бид бэлгийн мөлжлөг, гэмт хэрэгтэй холбоотой гэрээ хэлцлүүдийг хянах шинэ хууль санаачлахын тулд таны мэдүүлгийг авах хэрэгтэй байна,” гэж Максвеллд илгээсэн захидалдаа дурджээ.
Трамп Эпштейний асуудлыг сүүдэрт оруулахын тулд Барак Обамаг “Төрийн эргэлт хийхийг оролдсон”, “ОХУ-ын оролцоог зохиомлоор бий болгосон” гэж буруутгасан нь олон нийтийн шүүмжлэлд өртөж байна.
Үндэсний тагнуулын захирал Тулси Габбард Обамагийн эсрэг мөрдөн байцаалт эхлүүлнэ гэдгээ зарлаж, Хууль зүйн яам болон ХМТ-д хандан бүх баримтыг шилжүүлнэ гэжээ.
Обамагийн төлөөлөгч үүнийг “Инээдтэй бөгөөд анхаарал сарниулах гэсэн гэнэн оролдлого” гэж тодорхойлсон байна.
Холбогдох зургууд:

Доналд ба Мелания Трамп нар Жеффри Эпштейн, Гислейн Максвелл нарын хамт (2000 он)

Дональд Трамп ба Эпштейн нар Мар-а-Лаго дахь үдэшлэгт (1992 он)

Дональд Трамп ба Гислейн Максвелл (1997 он)
Wall Street Journal-ын нийтлэлээс үзэхэд, 2003 онд Ерөнхийлөгч Доналд Трамп Жеффри Эпштейнд төрсөн өдрийн ил захидал илгээж, "бидэнд нийтлэг зүйлс олон бий" гэж бичсэн гэх баримт олон нийтийн шүүмжлэл дагуулжээ.
Тэр ил захидалд “Найз гэдэг бол гайхамшигтай зүйл. Төрсөн өдрийн мэнд – мөн өдөр бүр өөр нэгэн гайхалтай нууцлаг өдрүүд байх болтугай.”
Мөн “Нууцлаг хүмүүс хэзээ ч хөгширдөггүй,” гэж бичсэн байсан гэх мэдээлэл гараад байна.
Ерөнхийлөгч Доналд Трамп энэ захидлыг бичсэн гэдгээ үгүйсгэсэн бөгөөд 2025 оны 7-р сарын 18-нд уг нийтлэлийг гаргасан Wall Street Journal, нийтлэлийн хоёр сэтгүүлч болон хэвлэлийн эзэн Руперт Мёрдокийн эсрэг 100 тэрбум ам.долларын (ойролцоогоор 356 их наяд төгрөг) нэр төр гутаасан гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Трампын MAGA дэмжигчдийн шахалт
Дээд шүүхийн мэдүүлгийн баримтыг ил гаргах оролдлого нь Доналд Трампын MAGA дэмжигчдийн шахалттай холбоотой. Тэд Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо (FBI)-г Эпштейний "Нууц үйлчлүүлэгчдийн жагсаалт"-ыг ил болгохгүй байна гэж хүчтэй шүүмжилж байгаа.
Хууль зүйн яам өмнө нь “Нийгмийн зүгээс ихээхэн сонирхолтой” гэж үзэж, “Нийтийн ил тод байдал”-ын үүднээс баримтыг ил болгох хүсэлт гаргасан ч шүүх энэ удаад тэдний хүсэлтийг хүлээж авсангүй.
Шүүгч Розенберг:
“Шүүхийн гар хөлийг хууль хязгаарласан. Дээд шүүх дахь мэдүүлгийг олон нийтэд ил болгох нөхцөл хангагдаагүй байна,” хэмээн тайлбарласан байна.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, шүүхийн шийдвэрийг давж заалдах эсэх талаар одоогоор байр сууриа илэрхийлэхгүй гэв.
Максвелл-Трампын харилцаа ба улс төрийн үр дагавар
Цагаан ордны эх сурвалжуудын мэдээлснээр, Хууль зүйн дэд сайд Тодд Бланш Эпштейний хэргийн талаар Гислейн Максвеллтэй уулзах хүсэлтэй байгаа бөгөөд хэлэлцээ хийж эхэлсэн гэнэ.
Максвеллын өмгөөлөгч Дэвид Оскар Маркус “Бид Ерөнхийлөгч Трампыг энэхүү хэрэгт үнэн мөнийг ил болгохоор зорьж буйд талархаж байна,” гэжээ.










