



















Улстөрийн ууган хүчин гэх МАН энэ бямба гарагт ээлжит бус бага хурлаа товлосон. Бага хурлын хэлэлцэх асуудал нь хэдийгээр тодорхой ч дотоод хагарал нь гүнзгийрч мэднэ гэхдээ юуг яаж хэрхэн хэлэлцэхээ “битүү” үлдээсэн. Юутай ч улстөрийн намын тухай хуулийн хүрээнд их хурлаа хийж, намын даргын асуудлаа хэлэлцэх учиртай.

Намын дүрмээрээ ерөнхий сайд намын дарга болно гэсэн хатуу заалт үгүй ч хэвшсэн ойлголт өнгөрсөнд байсан учраас Г.Занданшатар дарга намын дарга болохыг хүсэх нь жамын дагуу. Гэхдээ намаа ялуулж, олонх болгосон Л.Оюун-Эрдэнэ даргаа аваад хаячих нь бас л дүрэмд заагаагүй нөхцөл. Намын бага хурлаараа хамтарсан засгийг нь огцруулахыг дэмжин чиглэл өгч УИХ МАН-ын чиглэлийн дагуу түүний засаглалыг дуусгасан.
Гэхдээ шүүхээс хэн нэгэнд ял оноохдоо хөнгөнийг хүндэд шингээгээд ялладаг шиг ялалт авчирсан намын даргаа Ерөнхий сайдаас нь түлхэж унагаад нэмээд намын даргыг нь авах тухай хуралдах нь “шударга” байх талаасаа бол Л.Оюун-Эрдэнэ даргад гомдол төрүүлж буй нь лавтай. Гээд яахав цаг нь ирэхээр цаст уулын цагаан барс шоргоолжинд бариулдаг нь амьдралын жам. Тиймээс ч тэрээр намын бага хурлаар ажлаа өгөх нь шуударсан тул шалавхан өгөөд УИХ-ын гишүүний ажилдаа сэтгэл тогтох нь амар ч биз. Харин УИХ-ын тойрогт өрсөлдөөд ялж чадаагүй Г.Занданшадар Ерөнхий сайдад намын тамга атгуулах нь намд ч төрд ч хэтэрхий “нам” жишиг үлдээх эрсдэлтэй харагдаж буй.

Гэхдээ энэ бүхэн Г.Занданшатар гэх хүний зорилго, тэмүүлэл гэхээсээ Төрийн тэргүүн, дугаар 1-ийн 2027 онд ажлаа өгөөд юу хийхдээ зориулж бэлдсэн “зохиол”-ын өрнөл гэж хардаж болохоор байна. Учир нь Г.Занданшатар Ерөнхий сайд намын дарга болж, Ерөнхий сайдын алба залгуулж байгаад 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших нь өглөө нар мандаж, шөнө сар гардагтай л адил тодорхой болсон зүйл.
Үүний тулд түүнд намын даргын тамга “амин” чухал. Харин Г.Занданшатар Ерөнхий сайд Төрийн тэргүүн болчихвол хэн намын дарга болж, хэн Ерөнхий сайд болох вэ… үүнд л Нэгдүгээр хүний санаа одооноос чилж, өөрийн “хүү”-ээр буюу Г.Занданшатараа бэрс болгохыг туйлын ихээр “тачаадан” буй. Нэгэнт улстөрийн намаас татгалзаж, Монгол гэх нэрийн өмнөөс үг хэлэх, өндийх эрхтэй том албанд очвол Г.Занданшатар гэх хүн Намбарын Энхбаярын зиндаанд хүрнэ.
Төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг хашсан гэдгээрээ улстөрийн том лидер болж түүхэнд үлдэнэ. Үүний төлөө ч тэрээр хичээн зүтгэж буй. Харин үүний цаана одоогийн төрийн тэргүүний бодолд Г.Занданшатар Ерөнхийлөгч болоод явахад би намын даргаа авч, УИХ-ын дарга болно. Ингэвэл миний замнал Намбарын Энхбаярын зиндаанд хүрнэ.

Үгүй юмаа гэхэд Ерөнхий сайдын суудал бат гэж сэтгэж суугаа нь лавтай. Ерөнхийлөгчөөс буусан улстөрчид бүгд уугуул намынхаа хаяаг түшдэг нь жам бас зам. Энэ жишгээр У. Хүрэлсүх Ерөнхийлөгч дараагийн улстөрийн зургаа зурж, шатар нүүж суугаа.

Харин энэ замд нэг хүн саад болж гарч ирсэн нь Д.Амарбаясгалан. Тэрээр энэ бүхнийг мэдэж, бүүр болно гэдгийг харж байгаа учраас өөрөө “довтолгоо”-нд шилжээд буй нь намын даргад нэр дэвшинэ гэсэн мэдэгдэл. Нэгэнт довтолгоо эхэлсэн бол сөрөг довтолгоо ирэх нь тодорхой. Сөрөг довтолгооны сэдэв ойрын хүн Ц.Чулуунзагдыг нь онилсныг улстөрд байгаа, байсан, байх бүх л сонирхогчдод ил тод уншигдаж байна.
Хойд хөршийн дугаар 1-ийг дуурайдаг гэж шоглуулж, шоолуулдаг төрийн тэргүүн улстөрийн замыг нь ч даган дуурайж байгааг үгүйсгэх аргагүй. В.Путин Ерөнхийлөгч Д. Медведевийг шатрын хүү болгон хэрхэн өөрийн оронд түр ажиллуулж байсныг дэлхийн улстөр мэднэ.
Тиймээс түүний заасан замаар манай Төрийн тэргүүн эргэлт буцалтгүй орсныг харж, хаана хүрэхийг харцгаах л үлдээд байна. Тиймээс ирэх Бямба гарагийн 10 цагт товлогдсон МАН-ын бага хурлын уур амьсгал хаашаа чиглэхийг анзаарах л үлдлээ.










