



















“Орано Майнинг” компанийхан өмнөх “Арева” компаний ("Арева" компани 2018 онд ребрендинг хийж дүр төрхөө "А" нь "О" болгож сольсон) орооцолдсон авлигын хэргийг нам дарах зорилгоор Францын шүүхээс гаргасан 4.2 сая еврогийн торгуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр ямарваа нэг маргаангүйгээр төлсөн нь Монгол Улсын Засгийн Газартай хийх гэрээний хугацаа дөхөж УИХ-ын гишүүд нааштай хандаж буй түүхэн цаг үеийг алдахыг хүсээгүй биз. Олон тэрбум ам.долларын яриа хэлэлцээрийг 10 жил хүлээсний эцэст хийх гэж байхад 4.2 сая еврогийн торгууль бол үнэндээ жижиг асуудал.
Ингэж алс харсны хүчинд “Орано Майнинг”компани 2025 оны нэгдүгээр сарын 17-ны билэгт сайн өдөр гэрээ байгуулж чадсан юм. Хэрвээ 4.2 сая еврогийн торгуулийг хэл амгүй төлөөгүй бол энэхүү гэрээ хэдэн жилээр ч хойшилж магадгүй байлаа.
Францын авилгатай тэмцэх байгууллага 2014-2017 оны хооронд “Eurotradia International” компаний зуучлалтайгаар “Арева” компани Монголын нөлөө бүхий нэг хүнд 1 сая 275 мянган еврог шилжүүлснийг шалгаж эхэлснээр Монгол дахь авилгачдын ул мөрөөр оржээ. Мөнгө мөртэй гэдэг. 1.275 сая евро цаашаа өнгөө хувиргаж 80 хувь нь барилгын салбарт шингэсэн бол үлдсэн 251’600 ам.доллар (238’000 евро)-г нэгэн өндөр албан тушаалтан бэлнээр авсан байна.
Манай улсын хувьд энэхүү маргааныг эцэслэн шийдвэрлэж нэг тийш нь болгохгүй бол дан ганц авилгын хэргээс гадна мөнгө угаах гэмт хэргийг өөгшүүлсэн болно.
Францын Авилгатай тэмцэх байгууллага (OLLCCIFF) 2015 онд “Eurotradia International” компаний үйл ажиллагаатай холбоотойгоор “Airbus”, “Thales”, “Dassault Aviation” компанид хийж байсан шалгалтын дүнд Монголын хоёр өндөр албан тушаалтанд өгсөн авилгын хэрэг илэрсэн гэж үзсэн. “Eurotradia International” компани нь Монголын нэгэн бизнесментэй зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж, “Арева” компанийг Монгол Улсын Засгийн газартай хийх гэрээнд нь туслуулах зорилготой байжээ. Гэвч мөрдөн байцаалтын явцад тухайн гэрээ хийсэн этгээд “Хувьцаа эзэмшигчдийн гэрээ байгуулах, лиценз шилжүүлэх ажиллагаанд ямар ч оролцоогүй” болох нь тогтоогдсон байна.
Мөн авлигад өгсөн еврогийн 80 хувийг “Арева” Монгол үйл ажиллагаа явуулах явцад оролцсон төрийн өндөр албан тушаалтны үл хөдлөх хөрөнгө рүү буюу барилгын салбар руу оруулсан гэдгээ тухайн үед “Арева” компаний Ерөнхийлөгч асан эрхэм мэдүүлжээ. Харин хэлэлцээрт оролцсон хоёр дахь өндөр албан тушаалтан нь 251’600 ам.доллар (238’000 евро)-ыг бэлнээр авсан гэж мэдүүлсэн байна.
Ямартаа ч “Арева” компани цэвэр цэмцгэр нэр төртэй компани биш болж байна. Тэд Африк тивд олон олон асуудалтай хэмээн Монгол Улсад уран олборлохыг эсэргүүцэгчид яриад байгаа нь ч ор үндэсгүй зүйл биш бололтой.
Одоо бид уран олборлох, олборлохгүйн тухай хэлэлцэх биш. Өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж гадаадын компаниас 1.275 сая евроны 80 хувийг өөрийн барилгын компанидаа, 238’000 еврог бэлнээр цувчуулсан этгээдүүдийг олж тогтоон хуулийн хариуцлага хүлээлгэх үлдлээ. Ямартаа ч хоёр хүний нэр дуулдаад эхэлсэн. Нэгэнт гэрээ зурагдсан тул Францын шүүхээс Монголын хоёр авилгачны нэрийг удахгүй ирүүлэх биз.
Мөн “Арева” компанитай гэрээ байгуулж Монголын өндөр албан тушаалтнуудад нөлөөлнө хэмээн “Зөвлөх үйлчилгээний гэрээ” байгуулан гарын үсэг зурсан бизнесменийг олж тогтоох ёстой. Түүнийг шууд буруутгаж болохгүй ч тухайн бизнесмен Монголын хоёр авилгачныг шүүхийн өмнө авчирахад гэрч болох юм.
Гэрээ зурагдсан. Ажил явах болсон. Аль аль талдаа ашигтай “Хөрөнгө Оруулалтын Гэрээ”
Харин “Авилгатай Тэмцэх Газар”-т өөрийн өндөр албан тушаалаа ашиглаж 1.275 сая евро авсан хоёр этгээдийг олж тогтоох ажил үлдлээ.










