



















BYD, Chery зэрэг БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчид хөгжүүлэлтийн хурд, уян хатан чанараараа дэлхийд давамгайлах болжээ.
БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгч Chery компанийн инженерүүд, нийлүүлэгчдэд яаралтай мэдэгдэл өгч, Шаньдун мужийн Жаоюань хот дахь туршилтын төв рүү түргэн шуурхай очихыг шаарджээ. Тэд амралтын өдрүүдээр Европ руу гаргах "Оmoda 5" SUV загварынхаа жолоодлого, түдгэлзүүлэгч системийг бүхэлд нь дахин зохион угсрав. Уг машин Хятадын тэгш гудамж, бага хурданд зориулагдсан байсан ч Европын бартаатай, хурдтай замуудад тэсвэртэй байх шаардлага тулгарсан.

Зургаахан долоо хоногийн дараа, Chery компани Европт зориулсан шинэ "Omoda 5" загваруудыг шинэ жолоодлого, тракшн контрол, тоормос, доргилт шингээгч болон дугуйтайгаар худалдаанд гаргаж эхэлжээ.
“Та ийм хурдтай өөрчлөлтийг Европын автомашин үйлдвэрлэгчдээс хэзээ ч хүлээх хэрэггүй” гэж Chery компанийн ахлах инженер Риккардо Тонелли хэлсэн байна. Тэрээр өмнө нь Италийн автомашины үйлдвэр болон Солонгосын дугуй үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан туршлагатай.
Chery-ийн энэ мэт хурдтай шинэчлэл нь БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчдийн уян хатан, шийдэмгий байдал, дэлхийн хамгийн том зах зээл болох дотоодынхоо зах зээлийг гаднын том брэндүүдээс булаан авч чадсаныг илтгэнэ. Chery бол хамгийн их экспорт хийдэг Хятадын автомашин үйлдвэрлэгч бөгөөд EV (цахилгаан машин)-ийн аварга BYD-ийн хамгийн том өрсөлдөгч хэмээн салбарынхан үздэг.
Хятадын автомашин үйлдвэрлэгчид шинэ буюу шинэчлэгдсэн загварыг ердөө 18 сарын дотор бүтээдэг бол гаднын үйлдвэрлэгчдэд 4-5 жил зарцуулдаг. AlixPartners-ийн тооцоогоор БНХАУ-ын дотоодын зах зээлд борлуулагдаж буй цахилгаан болон hybrid загваруудын дундаж нас 1.6 жил бол гадаадын брэндүүдийнх 5.4 жил ажээ.
Ийнхүү хэдэн жилийн турш богино хугацаанд автомашин хөгжүүлснээр тэд илүү бага хөрөнгө зарцуулж, хямд үнэтэй, хамгийн шинэ технологитой загваруудыг зах зээлд гаргаж чадаж байна.
BYD компани Хятадын хямд ажиллах хүчийг ашиглан (900,000 орчим ажилтантай) дэлхийд хамгийн олон ажилтантай автомашин үйлдвэрлэгчдийн нэг болсон байна. Тус компанийн төв байранд ажилчдад зориулсан орон сууц, сургуулиуд, тээвэр зэргийг компанийн дэмжлэгтэйгээр байгуулсан. Үүнээс гадна эд ангиудын ихэнхийг дотооддоо үйлдвэрлэдэг нь хөгжүүлэлтийг хурдасгаж, зардлыг бууруулж байна.
“Гадаадын автомашин үйлдвэрлэгчид бидэнтэй өрсөлдөх ямар ч боломжгүй” гэж Chery-ийн ахлах инженер Питер Маткин хэлсэн байна.
2024 онд BYD болон Chery компаниуд дэлхий даяар борлуулалтаа 40%-иар өсгөсөн бол Tesla-ийн борлуулалт анх удаа буурсан нь хуучирсан загварууд болон Илон Маскийн улс төрийн байр суурьтай холбоотой гэж үзжээ.
2020-2024 оны хооронд Хятадын зах зээл дэх Volkswagen, Toyota, GM зэрэг 5 гол гадаад автомашин үйлдвэрлэгчийн борлуулалт 9.4 саяас 6.4 саяд хүрч буурсан бол Хятадын шилдэг 5 автомашин үйлдвэрлэгчийн борлуулалт 4.6 саяас 9.5 саяд хүрч өсжээ.
Volkswagen одоо Хятадын XPeng-тэй хамтран автомашин хөгжүүлж байгаа бол Toyota, Stellantis зэрэг нь ч мөн Хятадын түншүүдтэй хамтарч эхэлжээ.
“Өмнө нь хятадууд хуулбарлагчид байсан бол одоо дэлхийг удирдаж байна” хэмээн Шанхайн Тонжи их сургуулийн профессор Аллен Хан хэлж байна.
Хятадын компаниуд сайн хийгээд хурдан үйлдвэрлэж, хэрэглэгчийн сэтгэгдэл дээр үндэслэн байнга шинэчлэл хийдэг. Тэд уламжлалт туршилтын шат дамжлагыг богиносгож, AI ба симуляцид суурилсан шинэ арга барилыг хөгжүүлж байна.
BYD-ийн үүсгэн байгуулагч Ван Чуаньфу компанийнхаа бүх үйл явцад оролцдог. Энгийн хувцастай, албан тушаалтан биш энгийн ажилтны байрнаас амьдарч, компанийн зардлыг хэмнэж, шууд удирдлагын хэлбэрээр шийдвэр гаргадаг гэнэ.
BYD зөвхөн EV биш, hybrid загваруудаар ч амжилт олж байна. Tesla тавхан загвартай байхад BYD 40 гаруй шинэ загвар, 139 шинэчлэгдсэн хувилбар гаргаад байгаа юм.
Zeekr (Geely-ийн тансаг зэрэглэлийн брэнд) Шанхай, Ханжоу дахь инженерүүдийн ажлын өдөр дуусмагц Шведийн Гётеборгт байрлах төв рүү шилжүүлдэг тул 20 цагийн тасралтгүй хөгжүүлэлтийн системтэй болсон.
Chery-ийн хувьд, нэг загвар хөгжүүлэхэд 5-10 төрлийн дижитал загвар гаргаж, аль нэг нь таалагдахгүй бол хурдан сольж чаддаг. Тухайлбал Jaecoo 7 загвар нь зах зээлд амжилтгүй болвол 2 жилийн дотор бүрэн шинэчилж гаргах боломжтой.
“Хятадын компаниудын энэ хурданд дэлхийн уламжлалт үйлдвэрлэгчид хүрэхгүй нь тодорхой” гэж GM-ийн Buick брэндийн дизайнер Мэтт Нүүн хэлжээ.










