



















Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху олон жилийн турш үргэлжилж байгаа “сүүдрийн дайн”-ыг ил болгож “Хезболла” болон “Хуситуудыг” газрын хөрснөөс арчиж, ард нь байгаа Ираныг буулгах тактикт шилжлээ. Израилын арми “Хезболлах"-г буулгахаар довтолж эхэлснээр одоогоор Ливанд 1000 гаруй хүн амь үрэгдэж, хот суурин байшин барилгууд сүйдэж, 1 сая гаруй хүн дүрвээд байна. Хэрэв Иран улс Хезболлахыг алдах нь гэж үзвэл сүүдрээс гарч ирж дайнд “хөндлөнгөөс” оролцоно гэж АНУ тооцоолж байна. Өнгөрсөн оны 10-р сарын 7-нд Хамас бүлэглэл Израил руу довтолж эхлэхэд Хезболла болон Хуситууд давхар хөдөлгөөнд орж Газын зурваст дайн дуустал Израилын эсрэг тулалдахаа “ам гарч” байв. Энэ бол Ирак, Сири, Ливан, Газа, Йеменийг нэгтгэсэн “Исламын зэвсэгт хүчний холбоо” болох Ираны эсэргүүцэл байв. 2006 онд 1200 гаруй хүний амийг авч одсон Израил-Ливаны дайнаас хойшхи хамгийн ширүүн “дайн” энд өрнөх магадлалтай.
“ЦУСТ” ДАВАА ГАРАГ
Израилын арми өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт "Хезболлах"-ын дэд бүтэц, удирдлага руу дайралтаа чиглүүлэн бөмбөгдлөө. Гэвч бөмбөгдөлт хүн ам шигүү суурьшсан байшин, хорооллуудыг дайрч нэг өдрийн дотор 500 гаруй хүн амь үрэгдсэнээр сүүлийн 20 жилийн түүхэнд байгаагүйгээр энгийн иргэдийн цус урссан юм. Цуст даваа гарагийн дараа дэлхийн зарим улс орнууд Израилыг шүүмжилсэн мэдэгдэл гаргасан ч Биньямин Нетаньяху ухарсангүй. Мөн долоо хоногийн сүүлээр Бейрутын өмнөд хэсэгт өгсөн цохилтын улмаас Хезболлах бүлэглэлийн удирдагч Хасан Насрала амиа алдаж “түүний төлөөсөнд” мөн “олон” иргэдийн амь сүйджээ. Ингээд Ливанд нийтдээ 1000 гаруй хүн амь насаа алдаад байна. Хезболлах бүлэглэлийн удирдагч Хасан Насралагийн амийг хөнөөхдөө Израилын арми АНУ-аас нийлүүлсэн 2000 фунтын бөмбөг ашигласан байх магадлалтай байна.
ХУУРАЙ ЗАМЫН ДОВТОЛГОО
Израилын арми хуурай замын довтолгоонд шилжив. Израилын арми хуурай замаар хамгийн багадаа 18 орчим бригад илгээсэн гэх тооцоо гарчээ. НҮБ-аас Израилыг хуурай замын довтолгоонд шилжихийг “эсэргүүцсээр” байгаа. НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Израилын хуурай замын довтолгоо нь Израилын болон Ливаны ард түмэнд “сүйрэл” авчирна гэв. Одоогоор АНУ-ын “тодорхойгүй” тооны цэрэг Ойрхи Дорнод руу ороход бэлэн “тушаал” хүлээж байгааг Пентагон мэдэгдлээ. Үүний дараа Их Британи, Герман зэрэг улс орнууд өөрийн улсын иргэдээ Ливанаас нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Мөн Израилын довтолгоо өргөжиж байгаа тул Газын зурвас дахь дүрвэгсдийн хуаран болон сургуулийн байрыг нүүлгэн шилжүүллээ. Энэ долоо хоногт Израилын армийн Ливаны өмнөд хэсэг рүү хийж байгаа хуурай газрын довтолгоо нь түүхэн дэх хамгийн том дайралт болж байна.
1978 ОН
1978 оны 3-р сарын 11. “Литаны” ажиллагаа эхлэхээс гурав хоногийн өмнө Палестиныг чөлөөлөх байгууллагын 11 террорист Ливанаас Израилын нутаг дэвсгэр рүү далайгаар нэвтэрч энгийн иргэдийн сууж явсан автобус руу халджээ. Автобус Тель-Авивын ойролцоох эргийн замаар явж байсан бөгөөд халдлагын улмаас 35 энгийн иргэн амь үрэгдэж 76 хүн шархаджээ. Амь үрэгдсэн хүмүүсээс 13 нь бага насны хүүхэд байв. Ингээд халдлагын хариуд Израилын арми “Литаны” ажиллагааг эхлүүлжээ. Израилын засгийн газар Литани голоос цааш Ливаны өмнөд хэсэгт байрлах террористуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулахаар шийджээ. Энэ нутаг дэвсгэрт 4000 орчим алан хядагч байх ёстой гэж тооцоолсноор дайралтаа эхлүүлж байв. Израилын арми “Литани” ажиллагаагаар 300 орчим террористыг устгасан бөгөөд өөрийн талаас 18 цэргээ алджээ. Гуравдугаар сарын 21-нд Израилын батлан хамгаалахын сайд Эзер Вейзман цэргийн ажиллагааг зогсоосон байдаг. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ливаны өмнөд хэсэгт дэг журмыг сахиулах зорилгоор UNIFIL буюу цэнхэр дуулгатнуудыг оруулжээ.
1982 ОН
Израилын Ливан руу хийсэн хамгийн урт довтолгоо 1982 оны 6-р сард эхэлж байлаа. Израилын талаас тухайн үед зөвхөн зэвсэгт бүлэглэлийнхнийг устгах зорилготой гэж “богино хугацааных” гэж мэдэгдэж байв. Энэ долоо хоногт ч мөн “тийм” мэдэгдэл гаргасан. Ингээд Израилын хүчин эхний үед баруун Бейрутыг оролцуулаад Ливаны газар нутгийн бараг тал хувийг эзлэн авсан юм. Израилын дайралтын улмаас 17,000 гаруй хүн амь үрэгдсэн байдаг. Израилын цэргүүд үндсэндээ баруун Бейрутаас гарсан боловч 2000 оныг хүртэл Ливаны өмнөд хэсгийг хяналтдаа байлгасан юм.
Энэ мөргөлдөөний үр дүнд “Хезболла” мэндэлжээ.
2006 ОН
2006 онд “Хезболлах”-ын дайчид Израил руу гэнэтийн дайралт хийлээ. Ингэхдээ Израилын 8 цэргийг хөнөөж, 2 цэргийг барьцаалж, хоригдол солилцоо хийхийг тулгав. Израил улс ч нэн даруй хариу арга хэмжээ авч агаарын томоохон цохилт өгөв. Сар гаруй үргэлжилсэн тулааны улмаас Ливанд 1000 орчим хүн үүний дотор “хэдэн зуун” хүүхдүүд амиа алдсан юм. Харин Израилын талаас 49 энгийн иргэн, 121 цэрэг амь үрэгдсэн байдаг. Эцэст нь НҮБ-ын зуучлалаар талууд гал зогсоолоо.
НҮБ Израилын зэвсэгт хүчнийг Ливаны энгийн иргэдийн эсрэг хүч тэнцвэргүй тулаан хийсэн гэж буруутгасан байдаг.
ДАЙСАГНАЛ
1947 онд НҮБ-ын шийдвэрээр Палестин нь Араб, Еврейн хоёр улс болголоо. НҮБ-ын энэ шийдвэр арабчуудын зэвүүцлийг төрүүлж, мөнхийн дайсагналыг эхлэлийг өрж орхив. 1948 онд Израил улс тусгаар тогтнолоо зарласны маргааш арабын 5 улсын цэрэг Израил руу довтлосон байдаг. Гэвч Израилд Англи, Франц дэмжлэг үзүүлэв. Ингээд Израилын цэрэг Арабын цэргийг бут цохиж, Йордан голын баруун эрэг, Газын зурвас, Синайн хойгийг хяналтдаа авчээ. Үүнээс хойш Араб-Израилын сөргөлдөөн өнөөг хүртэл үргэлжилж манай дэлхийн хамгийн хөндүүр сэдэв болсоор буй. Израилын хувьд анх НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн тогтоож өгсөн 14,1 мянган км.кв нутаг дээр нэмээд 6,7 мянган км.кв нутгийг эзлэн авсан байна. Энэ бол Израил “тэсч үлдэх” зарчмаа өөрчилж “тэлж өөрчлөх” бодлого руу шилжсэн гэсэн үг гэж зарим шинжээчид үздэг билээ. Израилтай газрын хөрсөнд энх тайвнаар зэрэгцэн “үл оршино” хэмээн үзсэн арабын улс орнууд 1948 оноос эхлэн хэд хэдэн удаагийн дайн эхлүүлсэн ч гал зогсоох хэлэлцээрээр “тэгсгээд” “намждаг” байв. Гэвч Израилыг хавчиж устгах гэж өс хонзонгийн сэдэл нь өдгөө “ХАМАС”, “Хезболла”, “Йемений Хуситууд”, тэдний ард бат зогсож бойжуулсан Иранаар ашиг сонирхлоор цухалзсаар байна.
Арабын ертөнц дэх асар том “зөрчил” бол түүхийн хуудаснаа үлдэх гүнзгий "сорви" мөн билээ...










