



















Судалгаагаар вакцин дахь хөнгөн цагааны найрлага нь хүүхдийн эрүүл мэндэд аюул учруулдаггүй болохыг тогтоосон
Кеннеди олон жилийн турш вакцины аюулгүй байдал, үр нөлөөний талаар эргэлзээ төрүүлэх байр суурь баримталж ирсэн
Судалгааг Дани улсын Засгийн газар санхүүжүүлж, 7-р сард Annals of Internal Medicine сэтгүүлд нийтэлсэн
АНУ-ын нөлөө бүхий нэгэн анагаах ухааны сэтгүүл, Эрүүл мэндийн сайд Роберт Ф. Кеннеди Жр.-ийн Дани улсад хийгдсэн томоохон судалгааг буцаан татах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж буйгаа редактор нь Ройтерст мэдэгдлээ.
Тус судалгаагаар вакцин дахь хөнгөн цагааны (алюминий) найрлага нь хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг нэмэгдүүлдэг гэх нотолгоо байхгүйг тогтоосон байна.

Кеннеди вакцины аюулгүй байдал, үр нөлөөний талаар олон жил эргэлзээ төрүүлж ирсэн бөгөөд Эрүүл мэндийн сайдын хувьд АНУ-ын дархлаажуулалтын зөвлөмжийн тогтолцоог эрс өөрчилж байна. Саяхан тэрээр вакцинд агуулагдах хөнгөн цагааны найрлагыг аутоиммун өвчин, харшилтай холбон үзэж, тэдгээрийг дахин хянах асуудлыг судалж буй аж.
Дани улсын Засгийн газрын санхүүжилтээр хийгдсэн энэхүү судалгаа нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 1.2 сая хүүхдийн үндэсний бүртгэлийн мэдээлэлд тулгуурлаж, Annals of Internal Medicine сэтгүүлд 7-р сард нийтлэгдсэн. Судалгаагаар хөнгөн цагаанд өртөх нь аутоиммун, атопик эсвэл харшлын, мөн мэдрэлийн хөгжлийн эмгэгүүдийн эрсдэлийг нэмэгдүүлдэггүй болохыг тогтоожээ.
Их Британийн Бристоль их сургуулийн хүүхдийн вакцин судлаач, хүүхдийн эмч Адам Финн:
"Энэ бол асар том өгөгдөлтэй, чанартай судалгаа. Одоогийн байдлаар энэ асуудлаар гарсан хамгийн сайн нотолгоо" гэж хэлжээ.
Гэвч Кеннеди 8-р сарын 1-нд TrialSite News вэбсайт дээр нийтэлсэн өгүүлэлдээ уг судалгааг "Эмийн үйлдвэрлэлийн суртал ухуулгын хуурмаг ажиллагаа" хэмээн нэрлэж, судалгааны баг "хор нөлөө байхгүй гэж үзүүлэхийн тулд зориудаар зохиомол аргачлал хэрэглэсэн" хэмээн буруутгаж, судалгааг "нэн даруй буцаан татах" шаардлага гаргасан байна.
Сэтгүүлийн ерөнхий редактор, Томас Жефферсоны их сургуулийн анагаах ухааны профессор доктор Кристин Лэйн:
"Би буцаан татах ямар ч үндэслэл харахгүй байна" гэж мэдэгдэв.
Тэрээр нийтлэлд хандсан зарим шүүмжлэлд вэбсайтаараа хариу өгөх төлөвтэй байгаа ч, Кеннедигийн өгүүлэл нь Annals сэтгүүлд ирээгүй тул шууд хариу өгөхгүй гэв.
Судалгааны гол зохиогч, Дани улсын Statens Serum Institut-ийн Эпидемиологийн судалгааны хэлтсийн дарга Андерс Петер Хвиид TrialSite-д хариу өгүүлэл нийтэлж, Кеннедигийн гаргасан аливаа буруутгал үндэслэлгүй гэдгийг категорийн утгаар няцаав.
"Би вакцины аюулгүй байдалтай холбоотой маргаантай асуудлуудад дассан, ялангуяа аутизмтай холбоотой сэдвүүдэд. Гэхдээ ингэж улс төрийн өндөр түвшний хүний бай руу чиглүүлсэн дайралтад өртөж байгаагүй" гэж тэрээр Ройтерст цахим шуудангаар хэлжээ.
Кеннеди шүүмжлэлдээ:
Хяналтын бүлэг байхгүй,
Хамгийн өндөр өртөлттэй бүлгүүдийг зориудаар хассан,
Түүхий өгөгдлийг нийтлээгүй гэх мэт асуудлыг онцолжээ.
Хвиидийн тайлбарласнаар, Дани улсад ердөө 2% хүүхэд вакцин хийлгээгүй байдаг тул хяналтын бүлэг байгуулахад хангалтгүй аж. Мөн өгөгдлийг судлаачдад ашиглуулах боломжтой ч хувь хүний түвшний мэдээллийг Дани улсын хууль тогтоомжийн дагуу нийтэлдэггүй.
Вакцин эсэргүүцэгч бусад бүлгүүд, түүний дотор Кеннедигийн өмнө удирдаж байсан Children's Health Defense байгууллага ч уг судалгааг сэтгүүлийн вэбсайт дээр шүүмжилсэн байна.
TrialSite өөрөө ч судалгааны хэмжээ, өгөгдлийн ил тод байдал, санхүүжилтийг магтаж, загварын хязгаарлалтыг зөвшөөрсөн дүгнэлт гаргажээ. Зарим эрдэмтэд ч энэ байр суурийг дэмжсэн байна.
Лэйн докторын хэлснээр, Кеннедигийн дурдаж буй зарим асуудал нь судалгааны хүлээн зөвшөөрөгдөхүйц хязгаарлалтыг харуулж болох ч,
"Эдгээр нь олсон үр дүнг хүчингүй болгохгүй бөгөөд шинжлэх ухааны зөрчил гарсан гэх нотолгоо байхгүй" гэжээ.
HHS-ийн хэвлэлийн төлөөлөгч:
"Сайдын хэлснээс цааш нэмэх зүйл байхгүй" гэж мэдэгдсэн










