



















Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/ -ын дарга Л.Бямбасүрэнг авлига авч байх үйлдэл дээр нь АТГ-аас барьж саатуулсан. Прокурорын зөвшөөрөлгүй тул хэнийг дарамталж, хэдэн төгрөгийн авлига авч байсныг хэлэх боломжгүй гэж АТГ мэдээлсэн. ЭМДЕГ бол төсвийн их хэмжээний мөнгийг хяналтаас гадуур захиран зарцуулдаг байгууллага болсон бололтой. Тиймдээ ч тэнд Л.Бямбасүрэн бусдыг дарамтлан авлига өгөлцөж, авалцдаг байсанд олон хүн гайхахгүй байна. Хяналтгүй газар дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх нь түүний сайн хийж чаддаг ганц ажил нь бололтой гэж дүгнэгчид ч цөөн биш болж. ЭМДЕГ-ын хэлтсийн дарга А.Төвшингийн хамтаар саатуулагдан шалгагдах Л.Бямбасүрэн нь хувийн эмнэлгүүдийн мөнгийг өгөхгүй, хасалт хийнэ гэж дарамтан авлига нэхдэг тухай ч нийгмийн сүлжээгээр иргэд шүгэл үлээж эхэллээ. Эрүүл мэндийн дэд сайд асан тэрээр ЭМДЕГ-ын даргаар 2020 оноос томилогдон ажиллаж буй. Хаа очсон газраа хар мөртэй гэхчлэн авлига, албан тушаалын хэрэгт нэр нь холбогдож явдаг Л.Бямбасүрэн 2010 онд НМХГ-ын дарга байхдаа уг сэтрийг зүүсэн. Тухайн үед техникийн нөхцөл нь бүрдээгүй барилгуудад барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, чанарын шаардлага хангаагүй барилгыг улсын комиссоор хүлээн авахуулж хариуд шан харамж авсан байж болзошгүй албан тушаалтнуудын тэргүүн фронтод Л.Бямбасүрэн нэрээ цоллуулж явсан намтартай. Энэ мэт төрийн болон иргэдийн хяналтаас гадуур байдаг ЭМДЕГ, НДЕГ зэрэг байгууллагын даатгалын мөнгөний захиран зарцуулалтыг хянах хэрэгтэй байна. Уг нь 2020 онд баталсан УИХ-ын хяналт, шалгалтын хуулиар томилгооны сонсгол явуулах замаар удирдлагыг нь томилох, тайланг нь нээлттэй сонсох байдлаар эрх зүйн орчин бүрдүүлсэн. Гэвч энэ хуулийн хэрэгжилтийг “өмхийрүүлж” ар дээр нь авлигаар хөлжиж буй олон “Л.Бямбасүрэн” Монголын төрд буй.
АВЛИГААР ХӨЛЖИГСӨД
Төрийн албанд шургалсан л бол суудлаа тавьж өгөхгүй зууралддаг, яаж ийгээд ямар нэгэн аргаар дарга л болчихвол хөрөнгө орлого нь нүдэн дээр өсдөг олон хурган даргатай болсоор. Жишээ нь саатуулагдаад буй Л.Бямбасүрэн 2020 онд өөрийн орлогоо 65 сая төгрөг гэж мэдүүлж байсан бол 2023 онд 137.4 сая төгрөг гэж мэдүүлсэн нь түүний орлого жилийн дотор 2 дахин нэмэгдсэн гэсэн үг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлигатай тэмцэх 5 Ш ажиллагаа эхлүүлснээс хойш манай улсад авлигачдыг барьж шийтгээд, улсад хурааж авсан мөнгө алга. Авсан авлигаа оймсондоо нуудаг, авлига нь багтаж ядахдаа энд тэнд үл хөдлөх болгон зүсийг нь хувилгаж түүндээ мөнгөө нуудаг гээд үндсэндээ манай улс хулгай нүүрлэсэн, авлигад идэгдсэн улс болж харагдаж байна. Авлигачдаа дийлдэггүй, тэднээс барьцаатай улс төрчид төрийн толгойд айл гэр болж тоглон байхад авлигыг бууруулах тухай яриад ч хэрэггүй. Л.Оюун-Эрдэнийн авлигатай тэмцэж эхлэх хөтөлбөр зарлагдсанас хойш манай улс авлигын индексээрээ таван байр ухарч 180 орноос 121-т эрэмбэлэгдсэн. Энэ бол манай улсад авлигын сүлжээ аалзны тор мэт хэрсний нотолгоо.
АВЛИГАЧДЫГ ӨӨГШҮҮЛЭХЭЭ БОЛЬЁ
Хүний нийгмийн соёл иргэншил бүрэлдэн тогтсон үеэс авлигыг жигшин зэвүүцсээр иржээ. Гэхдээ манайх шиг авлигачдад идүүлж, авлигын хэмжээ хэдэн арван тэрбумаар яригдах биш их наядаар яригддаг болж иргэдийн чих дөжирч, юман чинээ бодогдохоо больтол авлигачид авлигаар хөлжиж байна. Бараг өдөр бүр нэг албан тушаалтан авлигын хэрэгт холбогдож тэгс ингэсгээд өнгөрөх. Авлигачид нь ч улс төрийн том артай гэж цагаандаа гарч цээжээ дэлдэх нь холгүй төрийн ордон хавиар хэрэн хэсүүчилж явна. Харин манай урд хөршид авлигачдаа цаазын ялаар цэвэрлэж сүүлийн 12 жилийн хугацаанд дөрвөн сая албан тушаалтныг авлигын хэргээр баривчилжээ. Ши Жиньпиний авлигын эсрэг кампанит ажил үр дүнгээ өгч авлигын хэргийн мөнгөн дүн өндөр байх тусам цаазын ялаас мултрах боломжгүй болж байна. Харин манай эрх баригчид авлигачиддаа ‘’төмсөгдүүлчихсэн’’ тул ам ангайж чадахаа байжээ л гэж харагддаг болсон нь үнэнээс хол зөрөхгүй. Манайд нүүрлэсэн энэ бүхэн ердөө тогтолцоотой холбоотой. Нийгэм, эдийн засаг, улс орны хөгжил дэвшлийн чөдөр тушаа болсон авлига гэх хорт хавдраас ангид байхын тулд улс төрийн үйл ажиллагаанд чадварт суурилсан мерит тогтолцоог чухалчилж, хэн нэгэн хүнд бус нийтийн эрх ашигт үйлчилдэг бүтэц бүхий эрх зүйт төртэй ухаалаг тогтолцоонд шилжих учиртай. Ядаж ингэж гэмээнэ авлигад нэр нь холбогддог ч албан тушаал аваад ахиж дэвшээд байдаг олон “Л.Бямбасүрэнгээс” цөөрнө бас тэднээс сална.










