



















УИХ намрын чуулганаа хаахтай зэрэгцэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы индэр дээрээс /2025.01.24/ улс төрийн хэд хэдэн мэдэгдэл хийгээд буув. Улс төрийн мэдэгдлээс нь дүгнэхэд, тархинд нь шүүх тэр тусмаа Ерөнхий шүүгч Д.Ганзориг л томилгоо л оршиж байна. Ерөнхий сайдаар томилогдсон эхний өдрөөсөө л авлигатай тэмцэх амбицтай байсан ч, шүүх л садаа болж буй гэх. Бүр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзориг байх цагт нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож, чадахгүй. Үндсэндээ Д.Ганзоригийг суудлаас нь буулгахгүй бол авлигатай тэмцэж чадахгүйгээ илэрхийлэв.
Ерөнхий сайдынхаа тархинд орших Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа буюу 2020.06.02-ны өдөр зарлиг гаргаж томилж байлаа. Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр Д.Ганзориг хоёр ч удаа нэр дэвшсэний эцэст ийнхүү Ерөнхий шүүгчээр тав дахь жилдээ ажиллаж байна.
Одоогоос 6 жилийн өмнө буюу 2019.03.27-ны өдөр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор, Ерөнхийлөгч бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх эрхтэй болсон байдаг. Тухайн үед энэ эрхээ Ерөнхийлөгч асан Х.Баттулга ашиглан өмнөх Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг чөлөөлж, түүний оронд Д.Ганзоригийг томилж байлаа. Гэхдээ тэр Ерөнхийлөгчөөсөө буунгуутаа өөрийн зарилгаар томилсон Д.Ганзоригийг огцруулахаар Үндсэн хуулийн Цэцэд өгч байв. Гомдлыг барьж гүйсэн хүн нь Х.Баттулгын фракц. Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга гэгдэх И.Мөнхжаргал намын даргын бүртгэлийг нь будлиулж, Үндсэн хууль зөрчсөн гэж Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг буруутгасан байдаг.
Х.Баттулгаар эхэлсэн буруутгал Л.Оюун-Эрдэнээр үргэлжилж, Ерөнхий шүүгч Д.Ганзориг тэдний шүдний өвчин болсон уу? Эсвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг чөлөөлж, томилох бүрэн эрхтэй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэдний толгойны өвчин болов уу? Магад тиймдээ ч, шүүх, шүүгчийг чимхэх хүслээ илэрхийлж, нутаг нэг ахдаа дахин нэг сануулаад авав уу?... Энэ мэт хаврын улс төр өрнөл ихтэй, эрх мэдэлтнүүд дунд их тулаантай байх нь
Л.Оюун-Эрдэнийн хувьд томилогдсон цагаасаа шүүх засаглалыг "зэвүүцэж", тэр дундаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн "гар хөлүүд" ч гэж буруутгаж байв. Гэтэл Ерөнхий сайдын суудалд суулгаж өгсөн нутгийн ахынх нь үед ч шүүх засаглал болохгүй хэвээр л байна. Эндээс харвал, авлигатай тэмцэх гэсэн түүний зорилгыг Монгол Улсын бүх шүүгчийг томилох эрх мэдэлтэй номер нэг мохоож, гацаачихсан уу гэх ойлголтыг далдуур өгөөд байх шиг?
Төрийн ордны тамхины цэгт төрийн гурван өндөрлөгийг эв, түнжинтэй, нэг ч удаа маргалдаагүй, тэд сөргөлдөх ч үгүй гэх яриа үе үе гарах болсон. Ялангуяа Засгийн газрыг огцруулна гэх иргэдийн акцтай зэрэгцэн энэ яриа хүчээ авсан. Гэхдээ олон нийт сайн ажиглаж буй. МАН-ын улс төр ил ч, далд ч хоорондоо "ёозгүй" өрнөсөөр. Ерөнхий сайдын сүлд нь ч одож, суудлаасаа ховхорчих вий гэхээс их айдастай болж. Тиймдээ ч залуу хүн, зоригтой байна гэх танил пи-арыг эрчимтэй хийлгүүлж байна гэх. Гэтэл бодит байдал дээр ковидын үед эхэлсэн Л.Оюун-Эрдэнийн амаргүй үе одоо ч дуусаагүй бололтой. Тэрээр, Ерөнхий сайдаа огцруулах гэж ШЕЗ-ийн гишүүдээ архидуулахгүй байхыг шүүхээс шаардаж, ураны гэрээг хийх үед гишүүдэд гадны дугаараас зурвас ирсэн нь гадны нөлөөлөл гэж дүгнэж сууна. Бүр болоогүй 2028 оны сонгуулийг жижиг мажоритор тогтолцоогоор явуулахаар ярьж яваа намын гишүүддээ ч "амжихгүй шүү" гэж чуулганы индэр дээрээс хэлээд амжсан юм.
Хэргээ шийдэж чаддаггүй шүүгч нарын асуудлыг шийдэхээр Шүүхийн хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нь өргөн барих болсныг Ерөнхий сайд шүүхийг шүүмжлэхдээ хавчуулаад амжсан.
Шүүхээс гадна ирэх хавар Ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, энэ албан тушаалын сунгаа эхлээд байна. Өмнө нь Ерөнхийлөгч хоёуланг нь санал болгодог байлаа. Харин 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд АТГ-ын даргыг санал болгох хуультай болсон юм.
Прокурорын тухай хуулийн 46.1-т “…Прокурорын байгууллагыг Улсын ерөнхий прокурор тэргүүлнэ. Улсын ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан.
Харин Авлигын эсрэг хуулийн 21.1-т “…АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” гэсэн хуультай.
Үүгээр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы бүрэн эрх 2025 оны дөрөвдүгээр сарын 5-нд, АТГ-ын дарга З.Дашдаваагийнх 2025 оны тавдугаар сарын 2-нд дуусна. Тиймээс салбарынхан нь хэдийнээ тэдний орыг залгах хүсэлтэйгээр дээгүүр доогуур гүйлдээд эхэлжээ.










