



















Бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрт найрсаг харилцаатай улс орнуудын зочид гийчдийг угтан авсаар байна. Тэнцвэрийг хадгалах дараагийн зочноор БНХАУ-ын дэд дарга Хань Жөн ирж байна.
Дэлхийн дэг журам өөрчлөгдөж, хүн төрөлхтний “идеалоги” хоёр туйлт ертөнцөд хуваагджээ. Их гүрнүүдийн эрх мэдлийн хуваарилалтын өөрчлөлт аажмаар явагддаг жамтай ч сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд огцом өрнөсөн геополитикийн хурцадмал байдал хаа хүрээд цэгээ хатгах нь тодорхойгүй хэвээр. Угтаа дэлхийд 1,2-рт эрэмблэгдэх эдийн засгийн хоорондох өрсөлдөөн, тэдний бодлого, хяналт тавих оролдлого, үүнийг шууд утгаар түрэмгийлэн хэрэгжүүлэгч ОХУ-ын бодлого л соёлт ертөнцийн энх тайвныг эвдэх нь. Хүчний тэнцвэрт байдал алдагдах болсон энэ цаг үед Монгол Улс төвийг сахиж, энхийг эрхэмлэх гадаад бодлогоо үргэлжлүүлэх нь геополитикийн шинэ эринд дасан зохицох ганц зам. Хэдийгээр хөгжиж буй орнуудын эвсэлд үл нэгдэх, энхийг эрхэмлэх гадаад бодлого нь геополитикийн аливаа эрсдэлээс ангид байлгах ч олон улсын харилцаанд хурцадмал байдлыг өдүүлж байдаг сул талтай. Монгол Улс ч энэ замаараа өгссөөр буй. Өөр арга байхгүй.
ДИЛЕММАГ ДАВАХ “ИДЕАЛОГИ”
ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Халх голын байлдааны 85 жилийн ойн тохиолдуулан есдүгээр сарын 2-3 ны өдрүүдэд манай улсад айлчилсан нь олон улсын анхаарлыг татаж, дэлхийн хэвлэлүүд хоёр өдөр Монгол Улсаар “амьсгалав”. Арга ч үгүй. Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн гишүүн (2002) улс учраас үүргээ биелүүлэх эсэх нь сонин байсан биз. Хэдийгээр бид “түрэмгий дээрэнгүй” зочиндоо “дургүйлхэж” байвч хүлээн авах нь дипломат ёсонд нийцнэ. Тэгээд ч бусад улс орон Монгол Улсын газарзүйн байршил, бүс нутгийн онцлог нь “зөөлөн хүч” бөгөөд хоёр хөрштэйгөө эвийг эрхэмлэхээс өөр гарцгүйг бусад улс гадарлаж л суусан. Тиймээс “хүлээлт” байгаагүй. Бид ч дотооддоо үзэл санаагаараа хуваагдаж нэг хэсэг нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж дайн өдүүлсэн ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путиныг баривчлахыг шаардаж, нөгөө хэсэг нь “тахин шүтэж” талцав. Гэвч бодит байдал дээр иргэний үзэл бодлоо илэрхийлэх, төрийн гадаад бодлого хэрэгжүүлэх нь тэнгэр газар шиг ялгаатайг айлчлалын үеэр В.В.Путинтэй гар барьж зогссон “шинэхэн” улстөрчид ч ойлгож зогсоо биз. Ингээд хүчний тэнцвэрийг хадгалах В.В.Путины айлчлал болдогоороо болж ирсэн гийчин буцав.
“ДЭЛХИЙН ЦАГДАА”
ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Монголд айлчилсны дараа Цагаан ордноос мэдэгдэл хийжээ. АНУ-ын хувьд Монголд тэгтлээ гомдох шаардлага байхгүй. Бид бол хоёр их гүрний дунд хавчуулагдсан гарц гарцгүй “буфер” бүс гэдгийг тэд ойлгохын дээдээр ойлгоно. ОХУ-ын ерөнхийлөгчийг хүлээж авах ёсгүй байсан тухай мэдэгдэл хийсэн нь ч билэгдлийн чанартай байлаа. Үүнд айж сандрах ингээд Америкаас тусгаарлагдлаа, виз горьдолтгүй боллоо, тусламж хөтөлбөрүүд зогслоо гэж бодоцгоох нь “дэмий шаналгаа” биз. Визний хоригийн асуудал яригдах юм бол тэр нь төрийн өндөрлөгүүд, албан тушаалтнууд, нөлөө бүхий этгээдэд нөлөөлнө.. Харин хэн нэг Батаа Болдоод виз олгохдоо танайх нутаг дэвсгэртээ “цуст ярагчинг” хүлээж авсан гэж хамаатуулахгүй болов уу... Бүх асуудал дипломат хүрээнд явагдана. “Дэлхийн цагдаа” бусад улс орны дотоодын асуудалд оролцдог нь жам хойно. Үүнийг хүндээр хүлээж авахын оронд урдах ажилдаа л анхааръя.
СОЛИГДСОН “ЗОЧИН”
Монгол Улсад албан ёсоор айлчлах БНХАУ-ын дарга Хань Жөн 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс дэд даргаар ажиллаж эхэлсэн, улс төрийн туршлага “арвин” нэгэн. 1975 оноос ХКН-д элсэж улстөрийн карьераа эхлүүлсэн тэрээр 2003 онд Шанхай хотын даргаар томилогдсоноор хамгийн залуу хотын дарга болж байв. Мэдээж Шанхай хотыг амжилттай удирдаж иргэдэд ээлтэй, хөгжлийн дэмжсэн бодлого явуулсан нь амжилтынх нь нууц. Гэвч юуны учир ШиЖинПины айлчлал Хань Жөн дэд даргаар солигдов?.. 2016 онд Дээрхийн гэгээнтэн 14-р далай лам манай улсад морилон ирснээр Хятад-Монголын олон талт харилцаанд асуудал үүсч байсан удаатай. Дэлхийн буддын шашинтны оюун санааны удирдагч дээрхийн гэгээнтэний айлчлал шашны зорилготой байсан ч Хятадын талаас хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь дээрхийн гэгээнтэн 14-р далай лам нь буддын шашинтнуудын хувьд ариун хүмүүн, амьд бодьсава харин БНХАУ-ын "үндэсний эв нэгдэлд заналхийлж буй салан тусгаарлагч"...Шашин бол геополитикийн харилцаан дахь мөнхийн хөндүүр цэг билээ... Жилийн өмнөөс л ШиЖинПин Монголд айлчлах мэдээ олон улсын хэвлэлүүдэд гарч тов зарлагдаж байснаа гэнэт дэд даргын айлчлалаар солигдсон нь бид оройн дээд Очир дара X Богдоо ширээнд нь залсан учир явдлын шалтгаан ч байхыг үгүйсгэхгүй. Нас өндөр дээрхийн гэгээнтэн 2015 онд хойд дүргүй байхаа айлдсан удаатай. Тэгвэл X Богдоо ширээнд нь залсан бид дараагийн бурхны шашинтны төв болох учиг тохиож болохыг хэлэх юун. Монголчууд оюун санаагаар нэгдэж, дэлхийн бурхны шашны дараагийн төв болох нь цаг хугацааны асуудал гэж үзвэл Хятадын зүгээс тодорхой хэмжээний дарамт, геополитикийн аливаа эрсдлийг туулах нь дамжиггүй. Учир нь X Богд болоод Далай лам, бурхны шашны асуудал бол урд хөршийн бидэнтэй харьцах геополитик мөнөөс мөн. Гэлээ гээд яахав. Их мөрний урсгалыг сөрж биш дагаж урсаж байж үлддэгээс “хойш”... Зочин “солигдсон” ч Хятадын дэд дарга айлчилж ирнэ гэдэг бидний хувьд завшаантай хэрэг. Олон ч асуудал тэр дундаа Тяньжины “гацаа” шийдэгдэх хүлээлт бий.
ХҮЧНИЙ ТЭНЦВЭР БА ГУРАВДАГЧ ХӨРШ
Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй юу юунаас эрхэм. Тиймээс ч Монгол Улс гуравдагч хөршийн бодлогоо тууштай хэрэгжүүлж буй нь Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Ромын Пап лам Францис нарын айчлал байв. Ялангуяа Францын ерөнхийлөгч Эмануэль Макроны айлчлал, ураны хамтарсан төслийн талаарх хэлэлцээ ОХУ-ын эгдүүцлийг мөн л өдөөж эрх ашгийг нь хөндөж орхисон. Гэвч энэ бол олон талт тэнцвэрт бодлого. Мөн манайд хийгдсэн гуравдагч хөршүүдийн айлчлал үүгээр тогтоогүй. АНУ, Словени, Филиппин, Беларусь, Их Британи, Герман зэрэг орнуудын Төрийн тэргүүнүүд болон Гадаад хэргийн сайд нар манай улсад айлчилж зочдын цуваа тасрахгүй байна. Цаашид ч мөн туурга тусгаар ардчилсан Монгол улс цаашид бие даасан гадаад бодлогоо аль нэг улсын тал руу хэлбийлгэхгүй тэнцвэртэй зогсох ёстой болж байна.
Тэнцвэр бол шийдвэр. Тэнцвэр бол ертөнцийн хууль. Ертөнц тэнцвэр дээр оршино. Тэнцвэрээ хадгал...










