



















Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж буй Үндсэн хуулийн 2-р бүлгийн 14 зүйлийн 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасан байдаг.
Сүүлийн нэг сард (2025.04.15-2025.05.15 хооронд) "Булидалт"-д өртсөн Монголчууд:
“ICE TOP” хамтлагийн ахлагч (Талийгч) Б.Оргил-Эрдэнэ
“Харанга” хамтлагийн ахлагч (Талийгч) Ц.Энхманлай, хамтлагаараа
“Зууны манлай” дуучин Б.Сарантуяа
Иргэн О.Тэмүүлэн
Иргэн Ө.Өгөөмөр
Иргэн Ч.Өгөөдэй нар
(Улстөрчдийг оруулаагүй болно)
Гэтэл үндсэн хуулиар олгогдсон энэ эрхээ Монгол хүн эдэлж чадаж байна уу? гэдэг асуулт урган гарна. Хүнийг шүүхээр гэмт буруутайг тогтоогоогүй бол хэн ч буруугүй гэдэг нийгэмд бид амьдарч байгаа боловч шүүхээр орж гэм буруугаа тогтоолгоогүй байж хэн нэгэн хүн "9" үеэрээ нийгмийн сүлжээнд буруутан, гэмтэн болдог боллоо. Та ч, таны хүүхэд, ах дүү хамаатан садан хэн нэгэн “Булидалт”-д өртөх магадлалтай болж. Маргааш таны ээлж ирэхгүй гэх баталгаагүй гэдгийг санаж явахад илүүдэхгүй болжээ.
Тэгвэл “Bully” буюу “Булидалт” гэж “ҮГ” ямар утгатай вэ?
"Bully" гэдэг үг англиар:
Үндсэн утга:
Bully (нэр үг): бусдыг айлган сүрдүүлдэг, дээрэлхдэг хүн.
Bully (үйл үг): хүнийг айлгах, дарамтлах, хүчээр юм хийлгэх.
Монгол хэл рүү орчуулбал:
-Дээрэлхэгч
-Айлган сүрдүүлэгч
-Дарамтлагч (Ихэвчлэн сургуулийн орчинд эсвэл ажлын байр, цахим орчинд хэрэглэнэ)
Нийгмийн сүлжээнд:
-Хэн нэгнийг олон нийтийн өмнө гутаах
-Үзэн ядах сэтгэгдлээр бөмбөгдөх
-Шүүмжлэл нэрээр хэт доромжлох
-Хуурамч мэдээлэл тарааж нэр хүндийг унагах зэргийг "булидалт" гэж нэрлэж байна.
Монгол хэлэнд: Үгзүйн хувьд “булидах” (үйл үг), “булиддаг”, “булидсан”, “булидалт” гэх мэтээр хувирч байна.
Түүх сөхвөл “Булидалт”-д бидний өвөг дээдэс 9 үеэрээ өртөж байжээ. Бүүр хамгийн хүнд хэлбэрийн ялаар шийтгүүлж байсан байна.
Манж Дайчин Улс буюу Монголд 1911 оноос өмнө “Есөн үеэр нь цаазлах” хэмээх цаазын ял байлаа. Энэхүү ял нь Ази тивийн олон улсад үе дамжин ирсэн шийтгэлийн хамгийн дээд хэлбэр юм. Хүнд гэмт хэрэгтэн түүн дундаа төрийн эсрэг гэмт хэрэгт ногдуулдаг онцгой шийтгэл байв.
Уг ялыг хэрэглэснээр төр улсын дотоод тогтвортой байдлыг хамгаалах, хааны эрх мэдлийг бататгах, айдас төрүүлэх гэсэн гурван үндсэн зорилготой. Манжи Чин улс (1644-1912) Хятадын Мин улсыг мөхөөж, Хятадын газар нутгийг бүхэлд нь эзэлж улмаар Монгол, Төвд, Зүүн Туркестан (Одоогийн Шинжан, Уйгар) улсыг захиргаандаа оруулсан. Манж нар “Дай Цин Улсын Их Цааз” хэмээх нэгдсэн хуулийг боловсруулж, эзлэгдсэн бүх нутаг түүн дундаа Монголд мөрдүүлж байжээ.
“Есөн үеийг нь хамруулах”-д зөвхөн гэмт хэрэг хийсэн этгээд бус түүний гэр бүл, хамаатан садан, ураг төрлийн бүх гишүүнийг хамруулан шийтгэх тогтолцоо байв.
Цаазлуулж болох “Есөн үе”:
Өөрийг нь
Эцэг, эх
Эхнэр, нөхөр
Хүүхдүүд
Ах, дүү
Эгч, дүү (эмэгтэй)
Авга, нагац нар
Үеэлүүд
Хүргэн, бэр болон хамаатан садан
Шийтгэл нь:
Шууд цаазаар авах,
Хүнд хөдөлмөрт (цөллөгт) илгээх,
Эд хөрөнгө хураах,
Харгис шийтгэл (ялын өмнөх зодож тамлах, бие эрхтэн таслах, олон нийтэд ил шийтгэх) багтдаг.
Ямар төрлийн хэргүүдэд хэрэглэж байсан бэ?
-Төрийн эргэлт хийх оролдлого
-Эзэн хааныг хорлох
-Улс төрийн урвалт
-Эзэн хааны удам угсааг гүтгэх
-Өрсөлдөгчийг хаан болгох оролдлого
-Тагнуулын хэрэг (ялангуяа гадаад улсад мэдээлэл дамжуулах)
Ёс суртахууны хандлага: Ийм шийтгэл нь хамтын хариуцлага гэх ойлголт дээр суурилсан. Энэ нь нэг талаасаа “Төрийн эсрэг гэмт хэрэг хэзээ ч зөвтгөгдөхгүй, үр дагавар нь удам дамжина” гэх айдас үүсгэгч арга байсан бол, нөгөө талаас хүний эрхийг ноцтой зөрчсөн хэт хууль ёсны харгис хэрэгжүүлэлт байв. Харамсалтай нь Манж Дайчин Улсын үед төрийн өндөр дээд албан тушаалтнууд, түүнтэй холбоотой хэн нэгэн “Есөн үеэр нь цаазлах” ялаар шийтгүүлдэг байсан бол өнөөдөр жирийн иргэн хэн ч нийгмийн сүлжээнд "Есөн үеэр нь цаазлах" ялд унахад ойрхон болжээ!!!!










