



















Авлигын эсрэг тэмцэл өрнүүлж ахиц гаргаж байгаа улсуудын тоонд Малайз улс яах аргагүй бичигдэж байна. Малайзын ерөнхий сайд Анвар Ибрахим хэлэхдээ манай засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд авлигыг таслан зогсоох үүрэг хүлээсэн. Тэмцэл дуусаагүй, өнөөдөр ч үргэлжилж байна гэж мэдэгдлээ. Тус улсын ерөнхий сайд Анвар Ибрахимын авлигын эсрэг тэмцэл ч үр дүнгээ өгч 2024 оны эхний зургаан сарын байдлаар Малайзын ДНБ 5.1 хувиар өссөн байна. Авилгачид 2018-2023 онд Малайзын эдийн засагт 277 тэрбум ринггитийн хохирол учруулсан гэх тооцоо бий. Тиймээс авлигачдын савраас эх орныхоо ирээдүйг хамгаалах үүднээс өнгөрсөн оны 5-р сараас эхлэн үндэсний хэмжээнд авлигын эсрэг компанит ажил өрнүүлсэн байдаг.
Авлигачид үүрэлсэн газраас гадаадын хөрөнгө оруулалт зугатаж байдаг. Малайзын засгийн газар авлигатай тэмцэх эхлэх үед Малайзын гадаадын шууд хөрөнгө 9.7 тэрбум доллар байсан. Энэ бол ковидын хязгаарлагдмал үед буюу 2021 гадаадын шууд хөрөнгө оруулалтаас доогуур үзүүлэлт болсон байв. Иймээс өнгөрсөн тавдугаар сард Анвар Ибрахимын засгийн газар авлигатай тэмцэх үндэсний компанит ажил эхлүүлсэн бөгөөд ойрын арван жилийн хугацаанд “Transparency International”-ийн авлигын төсөөллийн индекст 57-д бичигдсэн Малайзыг эхний 25 орны тоонд багтаах зорилт тавьсан байна. Маш том зорилго тавьсан Малайзын ерөнхий сайд Анвар Ибрахимд богино хугацаанд авлигачдаас ангижрахгүй бол түүний засгийн газар урт насгүйг гадарлаж “өршөөлгүй намнах” ажиллагааг явуулсаар байна. Авлигачдад цээрлэл хүртээсэн бидэнд хамгийн ойр жишээ бол Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разак. Нажиб Разакийг манайхан Ш.Алтантуяа агсны амь насыг “захиалгаар” хороолгосон “сэжигтэн” гэдгээр нь илүү танина. Тэрээр Малайзын баялгийн сан болох төрийн өмчит 1MDB компанийн их хэмжээний хөрөнгийг шамшигдуулсан нь тогтоогдож 12 жилийн ял авсан байдаг. Тэгвэл хаа байсан Малайзын ерөнхий сайдын авлигын хэрэгт Монголын ерөнхий сайд асан Сү.Батболдын нэр холбогдсон баримт ил болсон байдаг. Тодруулбал “авилгач”, “алуурчин”, “бэлгийн хүчирхийлэгч” тодотголтой болсон Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разак баялгийн сангаасаа “идсэн” мөнгөө Британийн Виржин аралд бүртгэлтэй “Muraset Limited” компанид шилжүүлсэн байх. Нажиб Разакийн баялгийн сангаа “цөлмөсөн” мөнгө нь манай ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын эзэмшдэг компанид орсон нь сонирхолтой. Тодруулбал Британийн Виржин аралд бүртгэлтэй 2010 оны 3-р сард байгуулагдсан “Muraset Limited” компанийг Монгол улсын ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд нь Виржин аралд бүртгэлтэй “Grandcastle Assets Limited” компаниараа дамжуулан эзэмшдэгийг тогтоосон байна. Ингээд Нажиб Разак авлигын мөнгөнөөсөө 14.9 сая ам.долларыг Монгол Улсын Ерөнхий асан Сү.Батболдын эзэмшдэг компани, түүний хүү Батболдын Баттүшиг, мөн Дашийн Уранбилэг гэх улстөрчийн дансанд шилжүүлсэн гэжээ. “Muraset Limited ” компани 2011 оны 12-р сарын 27-нд Нажиб Разакийн мөнгийг хүлээн авчээ. Малайзын ерөнхий сайд асан Датук Сери Кайманы арлаас онлайнаар Нажиб Разакийн шүүх хуралд гэрчээр оролцсон байдаг бөгөөд Батболдын хүү Баттүшигт 40 мянган ам.доллар шилжүүлсэн гэжээ.
Харин Монголын улс төрийн зүтгэлтэн Дашийн Уранбилэгт 2 сая ам.доллар, 4.5 сая ам.долларыг Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Muraset Limited” компанийн захирал Чон Чу Янг руу шилжүүлсэн гэж мэдэгджээ. Мөн Чон Чу Янг болон түүний гэргий Ким Хак Сон руу 1.4 сая ам.доллар шилжүүлсэн байна. Үүнээс гадна Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзэмшдэг Чон Чу Янгийн Виржин аралд бүртгэлтэй “Infinite Properties Limited” болон “Bophut Investments Limited” гэсэн хоёр компанид тус бүр 4.54 сая ам.доллар, 2.5 сая ам.долларыг шилжүүлсэн гэжээ. Яг энэ маягаар Малайзын засгийн газрын авлигатай тэмцэх ажил үргэлжилж байгааг Анвар Ибрахим дахин мэдэгдлээ. Малайз улс зөв засаглал тогтоох тухай зарлан тунхаглаж, арга хэмжээг тасралтгүй авч байхад авлигын олон тохиолдол гарсаар байна. Гэвч энэ замаас ухрах гарц байхгүй. Тэмцэл үргэлжилнэ гэсэн юм. Ер нь азийн улс орнууд авлигатай тэмцэх сайн жишгийг дагуулсаар байна. Тухайлбал БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2012 онд албан тушаалаа авсанаас хойш авилгатай тэмцэх компанит ажлыг шуурхай эхлүүлсэн байдаг. Үр дүнд нь 2012 -2024 он буюу өнөөдрийг хүртэл 4 сая орчим албан тушаалтныг авилгын хэргээр баривчилсан байдаг ч үүнээс хэд нь чухам цаазлуулсан нь тодорхой бус байна.










