



















Цагаан сараас урьтаж хаврын улс төр эхэллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа аваад 4 жил болсны ойгоо сануулж, 4 жилд юу хийсэн ажлаа өөд уруугүй тайлагнаж байна. Даанч энэ түүхэн өдрөө нуухыг нь авах гээд, нүдийг нь сохлохтой адил хүүхдийн эрхийг уландаа гишгэсэн шийдвэрийг гаргаж, өөртөө гал нэмлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх номер 3-ын алдаа дээр нь дөрөөлж, нутгийн дүүгээ намнах реакшнаа ил гаргалаа. Түүний пи-арын баг ч цахим сүлжээнд идэвхжиж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардах боллоо. Хэзээнээс эхэлсэн нь тодорхойгүй ч, өдийг хүртэл хөшигний ард тэд арсалдаж байсан юм.
Анзаарагтай иргэд бол МАН-ын толгой бол намын дарга Л.Оюун-Эрдэнэ бус Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэвээр үлджээ гэдгийг анхаарч авсан. Тэдний хоорондын улс төрийн шоглоом Монгол төрийн шийдвэр болж буйд хамгийн харамсмаар. Төрийн тэргүүн нь, гүйцэтгэх Засаглалын тэргүүнтэйгээ хөлөө жийлцэхийн хэрээр Монголын төрд дарангуйлал үнэртэж эхэллээ. Төрийн нуруу түвшин бол түмэн олон амгалан гэдэг ч, төрөөр тоглогчид ард түмнийг туйлдуулж байна. Авдаг цалингийнхаа 30 хувийг төрдөө татвар нэрийдлээр хураалгаж, аж ахуйн нэгжүүд орлого олох нь бүү хэл зарлагаа нөхөж чадахгүй, татварын өрөндөө баригдаж эхнээсээ үүдээ барихад хүрлээ. Бүр тодорхой хэлвэл, Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүнээр тогтвортой ажилласны үр дүнд буюу өнгөрсөн дөрвөн жилийн дотор 1250 төгрөг байсан талх 2500 болж үнэ нь хоёр дахин нэмэгдлээ. Эхлээд хоёр бизнес тутмын нэг нь зогсож байсан бол таван бизнес тутмын гурав нь зогсонги байдалд орсон гэх. Гэтэл төр нь буюу гүйцэтгэх засаглал нь 23 сайдтай, 230 мянган төрийн албан хаагчтай, 30 их наяд төгрөгийн төсөвтэй болж төр, зах зээлийн баланс алдагдсан байх.
Энэ бол эрх баригчид төрөөр хэрхэн тоглосны үр дүн. Ард түмнийх нь амьдрал бодитоор сайжраагүй байхад -4.6 хүртлээ агшаад байсан эдийн засгаа 2024 оны төгсгөл буюу гуравдугаар улирлын байдлаар өсөлттэй гаргалаа. Ингэхдээ 2023 онд түүхэндээ байгаагүй өндөр үзүүлэлтийг бий болгож, эдийн засгийн өсөлт 7.4 хувьд хүрэв. Үүнд уул уурхайн салбарын үйлдвэрлэл буюу нүүрс, зэс, төмрийн хүдрийн олборлолтын хэмжээ, үнэ ханш нөлөөлсөн гэж тайлагнах. Үнэндээ Засгийн газрын өр сүүлийн дөрвөн жил тасралтгүй өссөөр байна. 2020 оны байдлаар Засгийн газрын өр 26.2 тэрбум ам.доллар байсан бол 2024 онд 35.2 тэрбум ам доллар болж 8.3 их наядаар нэмэгдсэн дүнтэй гарлаа.
Ингээд тооцохоор эдийн засгийн өсөлт хөөсрөлт бус уу? яг амьдралтай тоо юу Ерөнхий сайд аа?
Төрийн ордны тамхины цэгийн яриагаар бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, залгамжаа өгсөн нутгийн ахдаа ээлгүй хандаж, Засгийн газар, УИХ-д фракцын хүмүүс нь хангалттай хэмжээнд орж чадаагүйгээс Төрийн тэргүүн уцаарлах болжээ. Ерөнхийлөгч ундууцлаа Засгийн газрын өргөн барьж, батлуулсан 2025 оны төсөвт хориг тавихаас эхлээд ил гаргах болсон. Хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд боловсруулж, тооцсон 2025 оны төсвийг нь тануулж, Ерөнхийлөгчийн тамгын газар болоод өөрийн харьяаны сайд нарын төсвийг хүссэнээр нь нэмүүлж чадсан. Тиймдээ ч, Ерөнхий сайд суудлаасаа сугарах вий гэж сандрах даа Ерөнхийлөгчтэй ойр, өөрийг нь залгамжлах магадлалтай танхимын гишүүдээ сорьж эхэлжээ.
Хамгийн сүүлийн баримт нь, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт төсвийн 7 сая төгрөгөөр мөнгөн аяга авхуулсан гэгдэх мэдээ. Өнөөдрийн сорилго нь Батлан хамгаалахын яам хакердуулсан тухай мэдээлэл. Яг үнэндээ энэ хэргийг нь Тагнуулын ерөнхий газар шалгаад гаднаас хэн ч нэвтрээгүй, гэхдээ бүс нутагт хакердуулсан гэх дохиолол илэрлээ гэдгийг нь тогтоож, өөрсдийн хатуу хяналтдаа авчээ. С.Бямбацогт сайдыг хэн ингэж сорих болов гэж үү? Хариулт нь их ойлгомжтой. Ерөнхий сайд болоод түүний баг төрийн ажлаа хийж буйн илрэл гэж хөндлөнгөөс дүгнэх эх сурвалж байна.
Ирээдүй цагт Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлнэ. Гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлнэ. Нэг хүнд ногдох ДНБ-ний үзүүлэлтийг 10.000 ам.долларт хүргэнэ. Энэ бүх ‘’-НЭ’’ гэх ирээдүйг төлөөлөх төгсгөл “-ЛЭЭ” болж бодит ажил болвол, болох зам нээгдэж, төслийн ажлууд эхэлж, эрчимжвэл Л.Оюун-Эрдэнэ, Л. Гантөмөр, Т.Доржханд нарын гавьяа гэж түүхэнд бичигдэх боломжтой. Гавьяанаас гадна үлэмж их буюу тооны машинд ч багтахгүй их хэмжээний мөнгөний урсгал дагаад чиглэж буй. Улс орон руу чиглэсэн тэр их мөнгө улс төрөөр дамжиж хуваарилагддаг тул мөнгөтэй болохын тулд эрх мэдэлтэй байх нь юу юунаас илүү чухал. Засгийн газрын түвшинд “Орано” групптэй хийх гэрээгээ хийж, “Чайна энержи”-тэй хийх хэлцэл нь эрчимжих болсон энэ үед төрийн тэргүүний эрх ашгийг нутгийн дүү нь шингээж чадаагүйгээс ийнхүү тэдний хөшигний ардах тэрсэлдээн ил цагаандаа гарч, өөд өөдөөсөө шидэлцэх цахим "чулуу" нь эрчимжих боллоо.
Эцэст нь төрөөр тоглогчдын балаг нь ард түмэнд ачаа болон очиж, төрийн шийдвэр нь шийдэл олох бус дарангуйлал болон хувирч эхэлснийг санаж, төрийн "хар" хүний ухаан дутах болсныг олж харах цаг нь иржээ.










