



















Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан улсад төрийн дээд айлчлал хийлээ. Айлчлалаас “аминдаа” л олз омог арвин. Манай “мөнхийн мөрөөдөл” болох далайд гарцтай болох асуудал “Каспийн тэнгисээр” шийдэгдэж дэлхийн эдийн засгийн интеграцчлалд оролцдог болох замаа засаад иржээ. Зовлон нэгтийн зовиур нэг гэгчээр хоёр улс нэгнээ “дэмнэж” далайд гаргах арга зам хэлэлцсэн нь тээр нэгэн жил Владивостокоор дамжуулан нүүрсээ далайд гаргана гэдэг шиг л “хөөний” юм болчих шиг болов.
Каспийн тэнгис бол “эх газар” дундын буюу хамгийн том битүү тэнгис. Битүү битүүдээ Каспийн тэнгисээс эх авах гол мөрөн байхгүй ус нь зөвхөн ууршиж л гадагшилдаг, газарзүйн байршлийн хувьд яг л манай улс шиг “Landlocked”. Далайд гарах хэлэлцээ маягийн ажил амжуулж ирсэн төрийн тэргүүнээ харин иргэд нь шүүмжилж Туркменистан дахь айлчлалыг нь “элэг доог” болгож орхив. Арга ч үгүй биз. Бидэнд далайд гарах гарц, тээвэр логистикийн асуудлаа хямд төсрөөр шийдэх “гарц” хэрэгтэй болохоос бүх талаараа хуурай газраар хүрээлэгдэх Каспийн тэнгисийн ач холбогдол ч гэж юу байхав.
Нарийн ширийнийг нь цухас дурдвал, Каспийн Тэнгисийг Хар Тэнгистэй холбосон Кумо-Маныч, Волга-Дон гэх сувгууд бий. Уг сувгууд нь ОХУ-ын мэдэлд байх бөгөөд Монгол улс далайд гарах амбицдаа хүрэх зам нь Туркменистанаар зуучлуулах болж байна. ОХУ-ын мэдэлд буй хоёр сувгаар дамжихдаа Туркменистанаар зуучлуулж, дэмий тэнэж, дэвэн дэлхийг тойрч суухаар ОХУ-тай хийсэн тарифын хөнгөлөлттэй гэрээ хэлэлцээрээ “эргэн харах” нь бараг илүү амар байх биз.
2018 онд ОХУ-ын ерөнхий сайд байсан Дмитрий Медведев түнш улс орнууд болон гуравдагч орны хооронд төмөр замаар тээвэрлэх гадаад худалдааны нөхцлийг хөнгөвчлөх гэрээний төсөл батлагдсан тухай мэдэгдэж байлаа. Уг гэрээний төсөлд Монгол Улсаас экспортод гарч буй бараа бүтээгдэхүүн хөнгөлөлттэй тарифаар ОХУ-ын далайн боомтуудын замаар гуравдагч зах зээлд хүрэх боломж бүрдсэн байдаг. Бүр тодруулбал, хэлэлцээрт хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрт тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх, бусад чиглэлтэй харьцуулахад өрсөлдөхүйц тарифын нөхцлийг урт хугацаанд хадгалах, ачааг хилээр нэвтрүүлэлтийг хөнгөвчлөх, ачаа тээврийн өсөлтийг дэмжих зэрэг цогц асуудлуудыг хэлэлцээрт тусгасан. Мэдээж хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор манай улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутгаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэх юм.
Санаагаар болдог бол далайн тээврийн үнэ агаарын тээврийн зууны нэг, төмөр замын тээврийн аравны нэг, авто замын тээврийн гуравны нэгтэй тэнцэхүйц хямд тээвэр. Гэхдээ Туркменистанаар зуучлуулан далайд гарцтай болчихлоо гэж ойлгоод ирсэн ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон түүний мөрөөдлийн багийнхан Монголыг лав далайд гаргахгүй нь. Мөрөөдлийн багт нь байдаг тамгын газрынх нь дэд дарга Үйлстөгөлдөр өөрийн “facebook” хуудастаа, “Туркменистан улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов Монгол улс “тэнгист” гарах гарц хайж байгаа. Каспийн тэнгисийг ашиглан дэлхийн зах зээл рүү гарахад манай улсын боомт том түшиц болох боломжтой” гэлээ хэмээн бичсэнээ удаа ч үгүй “далай” болгон зассан байв.
Далай тэнгис, зам тээвэр, тээвэр логистик, гадаад харилцаа, дэд бүтцийнхээ учрыг олж байж ерөнхийлөгчид зөвлөж ажиллах хүн хэрэгтэй байна. Тэрнээс биш чөмгөө дундартал зүтгэх У.Хүрэлсүхэд цагаан махаа эргэтэл тусалдаг А.Үйлстөгөлдөр мэтийн амьгүй албатууд зүтгэх нь Монголын нүүр царай “идиот” болгоод байна. Сүүлийн үед ажлынх нь пи-ар цөмрөөд олон нийтийн сүлжээнд “төмөр өргөж”, “байлдаантай кино” шиг богино рийлс тавьж олны доог тохуу болов. Ард нь нэг тиймэрхүү нөхдүүд зөвлөж улсын нүүр царайг шившиглэж суудаг биз. Тэртээ тэргүй манай төрийн тэргүүн ч ийм “фанатуудаар” дутахааргүй “өөрөө” онигоо ихтэй хүн. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттеришийг Кофи Аннан гээд бодчихдог, хэлж явсан гудиггүй эр шүү дээ.










