



















УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Франц улсын төрийн өмчит "Орано Майнинг" компани хооронд уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх тогтоолын төслийг 79.3 хувиар дэмжиж УИХ-ын тогтоолыг баталлаа. Хэдийгээр хяналтын самбар дээр санал хураалтын дүн 73.2 хувьтай харагдаж буй ч, төхөөрөмж нь ажиллаагүй гишүүд хуралдааны протоколд дэмжсэнээр тэмдэглүүллээ.
Франц улсын төрийн өмчит "Орано Майнинг" компани Монгол Улсад уран олборлох төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байна. Тухайн компани нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байрлах Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөт зэрэг орд газруудад үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.
Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлүүд:
Хугацаа: Төслийг нийт 47 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2024-2027 онд бэлтгэл ажил, 2028-2060 онд үйлдвэрлэл, 2061-2070 онд нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхээр тусгасан байна.
Хөрөнгө оруулалт: Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ ойролцоогоор $500 сая байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн жилийн дотор хийхээр тохиролцсон. Нийтдээ $1.6 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.
Анхны хөрөнгө оруулалтын хувьд хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсон ба төслийн хугацаанд хувь нийлүүлэгчийн зээлийг зөвшөөрөхгүй ба зээл авах зайлшгүй шаардлага үүссэн тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр шийдвэрлэхээр тохирлоо.
ЯМАР Ч ТОХИОЛДОЛД МОНГОЛ УЛС 51 ХУВИЙН ҮР АШИГ ХҮРТЭНЭ
Эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр:
Хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн санхүүгийн тооцооллыг шууд ашиглахаас илүүтэй, Техник, эдийн засгийн үндэслэлд тулгуурлан, олон улсын FAST (Flexible, Appropriate, Structured, Transparent) стандартын дагуу өөрийн талын санхүүгийн тооцооллын загварыг Монголын тал боловсруулж, хөрөнгө оруулагчтай тулган баталгаажуулалт хийсний үндсэн дээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх хэсэг буюу 51-ээс доошгүй хувийг Монгол Улс хуримтлагдсан дүнгээр жил бүр хүртэх нөхцөлийг баталгаажуулжээ.
Засгийн газар төсөлд ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээхгүй байхаар тохирсон байна.
Гэрээний төсөлд Засгийн газар болон хөрөнгө оруулагч талд ногдох шууд үр өгөөжид тооцох орлогыг тусгайлан дурдаж, хэрэв Монголын талын шууд үр өгөөж 51 хувьд хүрэхгүй тохиолдолд Хөрөнгө оруулагч болон Төсөл хэрэгжүүлэгч компани нь үр өгөөжийг 51 хувьд хүргэхэд шаардлагатай үр өгөөж тохируулах нэмэлт төлбөрийг Засгийн газарт нөхөн төлөх үүрэгтэй байхаар тусгажээ.
Засгийн газар Төсөл хэрэгжүүлэгч компанийн эздийн өмчийн 10 хувьтай тэнцэх “Төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа”-г үнэ төлбөргүй, шууд эзэмших ба хувь хэмжээг буурахгүй байхаар тохирч чаджээ.
Засгийн газар нь бүтээгдэхүүний 10 хүртэл хувийг Хөрөнгө оруулагчтай ижил нөхцөл, болзлын дагуу худалдан авахаар гэрээний төсөлд тусгав.
Засгийн газар нь компанийн дүрэмд өөрчлөлт орох, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах, баталгаа гаргах болон хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны зардалд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хориг тавих эрхтэй байх заалтыг тусгав.
Үр өгөөж: Төслийн ашиглалтын хугацаанд ураны ислийн үнийг 64-74 ам.доллар/фунтээр тооцоход, борлуулалтын орлого жилд дунджаар $367 сая, нийт $12.1 тэрбум, цэвэр ашиг нь жилд $130 сая буюу нийт $4.3 тэрбум байх тооцоолол гарсан.
Татвар, төлбөр: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг (АМНАТ) 10%-аас эхлэн, өсөн нэмэгдүүлж 19% хүртэл төлөхөөр тохиролцсон. Мөн борлуулалтын орлогын 50-аас доошгүй хувийг Монголын банкаар дамжуулж, худалдан авалт, ханган нийлүүлэлтийн бүх гүйлгээг Монгол Улсын банкаар хийхээр заасан.
Орон нутгийн хөгжил: Орон нутгийн хөгжилд жилд нэг сая ам.доллароос доошгүй хэмжээний хөрөнгө оруулалт хийх, нийт ажилтнуудын 30-аас доошгүй хувийг орон нутгаас ажиллуулах үүрэг хүлээсэн. Мөн уурхайн ашиглалтын үе шатанд төсөл хэрэгжүүлэгч компани нь төсөл дээр ажиллаж буй нийт монгол ажилчдын 5 ба түүнээс дээш хувийг Дорноговь аймгийн болон холбогдох сумын оршин суугч байхаар тусгажээ. Энэ нь орон нутгийн иргэдийн амьжиргаа, бүс орон нутгийн хөгжлийг дэмжих чухал шаардлага гэж Засгийн газар үзжээ.
Гэхдээ гэрээний энэ зохицуулалт баялгийн голомт болох Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэдэд чамлалттай байна. Уурхайн гол кемпийг Зүүнбадрах суманд төвлөрүүлж, хоёр улсын хамтарсан компанид шаардлагатай ханган нийлүүлэгчдийн таван хувь нь заавал орон нутгаас авна гэж заасныг эргэн харах ёстой гэж орон нутгаас сонгогдсон гишүүд саналаа хэлж байна.
Гэрээний явц:
2023 оны 10-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийсэн айлчлалын үеэр хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан. Үүний дараа ажлын хэсэг байгуулагдаж, гэрээний нарийвчилсан нөхцөлүүдийг тохиролцох ажил үргэлжилж байна. Гэрээ батлагдсанаар 2027 оноос үйлдвэрлэлийг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Ийнхүү Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь уран олборлох гэрээнд хүч нэгтэй зүтгэж, 28 жилийн дараа Зөөвч-Овоо ураны ордын хөрөнгө оруулалтын гэрээг өнөөдөр УИХ-ын босго давуулж, анхны зөвшилцлөөр 79.3 хувийн саналтайгаар гэрээ байгуулах УИХ-ын тогтоолын төслийг шууд баталлаа.
Хоёр улс хооронд байгуулсан уран олборлох төслийн хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Гэхдээ байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг сайтар тооцож, хяналт тавих шаардлагатайг мартаж болохгүй юм.










