



















Хатуухан хэлэхэд, хүлцэнгүй монголчууд утаагаа худалдаж авдаг болжээ. Утаатай тэмцэнэ, бууруулна гээд жил бүр төсвөөс мөнгө гаргадаг. Гэвч утаа буурсангүй, нэмэгдсэнийг утаагаар амьсгалах иргэн бүр хэлнэ. Гэхдээ иргэд татвар болгон төлдөг төлбөрөөс бүрдэх төсвийн мөнгө нь үр дүнгүй утаатай тэмцэх нэрээр “салхинд хийссээр” буйд нүдэн балай чихэн дүлий хэвээр дөжирчээ. Хэрсүү бай иргэдээ....
Үндсэний Аудитын газраас, утаатай тэмцэх олон төсөл хөтөлбөрөөс, зөвхөн “Тавантолгой түлш” компани гэхэд 1.1 их наяд төгрөгийн хулгай хийснийг 2023 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн тайлан, дүгнэлтэндээ мэдэгдсэн удаатай.
Хамгийн сүүлд, УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Тавантолгой түлш” компанийн асуудлыг хэлэлцэхэд, энэ компанийн алдагдал 1.3 их наяд төгрөгт хүрсэн гэх. Тиймээс тухайн компанийн санхүүгийн тайланд аудит оруулахаар болсон гэж нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай тайлбарлаж сууна.
Зардал нь орлогоосоо гурав дахин их, өглөг нь авлагаасаа хэдэн зуу дахин их “Тавантолгой түлш” үйлдвэр төрийнх тул татаасаар өнөөг хүрсэн гэх. Үйлдвэр нь нэмэгдээд, хангамж нь өсөөд байдаг ч үзүүлэлт нь байнга хасах руу заах. Үндсэндээ энэ байгууллага нэг төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ гурван төгрөгийн зарлага гаргаж байна. Энэ нөхцөлд үйлдвэрлэл явуулах тусам алдагдал нь өснө үү болохоос буурахгүй. Гэтэл татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэсээр байх төдийгүй эрүүл мэндийг нь давхар хохироож байна. Ард нь мөнгө угаадаг байж болзошгүй тул алдагдал нь өссөн ч, төрөөс татаас үг, дуугүй өгөөд суудаг байж болох уу?
Учир нь, “Тавантолгой түлш” компанийн удирдлагуудыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн хэлснээр, тухайн компанийн удирдлагуудыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй юм. Мөн “Тавантолгой түлш” компанийн удирдлагууд 2023 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан ₮6.9 тэрбумын гэрээг дур мэдэн цуцласан байна. Ингэхдээ, “Тавантолгой түлш” компаниас Зүүн үйлдвэрийн дулааны эх үүсвэр, зуух, дагалдах төхөөрөмж суурилуулах тендер зарласан байдаг. Уг бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт нь ₮6.9 тэрбум байсан. Тендерт “Чандмань илч” ХХК нь шалгарч, 2023 оны есдүгээр сард ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулжээ. Бүтээн байгуулалтын ажил эхэлж, төсөв нь захиран зарцуулагдаад явж байтал “Тавантолгой түлш” компанийн удирдлагууд байгуулсан гэрээгээ дур мэдэн цуцалсан гэх. Ингээд төслийн үлдэгдэл болох ₮5.7 тэрбумыг өөрсдийн хамаарал бүхий байж болзошгүй “ХНЯ” ХХК-д давуу байдал олгож, шууд гэрээгээр олгосон гэж мөрдөгчид буруутган, шалгаж байна.
2025 оны төсөвт эрх баригчид Улаанбаатарчуудыг утаанаас салгана гэж нэг их наяд төгрөг төсөвлөжээ. Үндсэндээ утаатай тэмцэх үнэ өсөж орж иржээ. Учир нь, 2008-2016 онд утааг бууруулах төсвийн мөнгө ₮550 тэрбум төгрөг байлаа. Харин 2017-2020 онд ₮456 тэрбум болж, үүнээсээ ₮287 тэрбумыг нь шууд иргэдийн халааснаас гаргасан.
2021 онд ₮30 тэрбум, 2022 онд ₮32 тэрбум, 2023 онд ₮39 тэрбумыг зөвхөн улсын төсвөөс санхүүжүүлсэн юм. Энэ хугацаанд олон улсын байгууллага, улсын төсөв, бусад санхүүжилтээр нийт 500 орчим тэрбум төгрөгийг утаанд зарцуулсан гэх тоон мэдээлэл ч гарав. Зөвхөн энд дурдагдсан утаанд зарцуулагдсан гэх дүнг нэгтгэж үзэхэд, ₮1,5 их наяд болж байна.
Энэ мэт шахмал түлшний шахаанаас гадна утаа хэмжигч, утаагүй зуух гэх мэт шахааг шахдаг болсон. Ингэж иргэдийн эрүүл мэндээр бизнес хийдэг болсон ч иргэд нь чимээгүй хүлцсээр сууна.










