



















Өнөөдөр өглөө УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн хэсэг гишүүд орноосоо өндийгөөд намын бүлгээрээ дамжуулан “Намын дарга УИХ-ын дарга байж болохгүй” гэсэн хуулийн төсөл санаачилснаа дуулгав. Удахгүй өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр болохвий!!!
Өнгөрсөн бямба гарагт Монгол Ардын Намын XXXI их хурал эхэлж Монгол Ардын Намын даргад 38 настай, улстөрчийн хувьд “эд ирэн” дээрээ яваа Ням-Осорын Учрал сонгогдлоо. Ням-Осорын Учралыг МАН-ын дарга болоход хүн бүрийн хүчин зүтгэл багадсангүй. Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар “Үндсэн Хуулийн Цэц”-ийг хөдөлгөж 95 дугаар тогтоолыг хүчингүй гэж дүгнэлт гаргуулж, Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд хориг тавьж, Үндэсний Аюулгүй Байдлын нарийн бичгийн дарга Алтангэрэлийн Бямбажаргал Ерөнхийлөгчийн хоригийг тайлбарласан, дээр нь МАН-ын УИХ дахь 38-ынхан намаасаа гарна гэж хүртэл хөшүүрэгдсэн юм. Монгол Улс хуулинд биш эрх мэдэлд өвдөг сөхөрсөн мэт өдрүүд жирэлзэн өнгөрч байна.

МАН-ын VIII бага хурлаар эхэлсэн намын даргын төлөөх зодоон бага хурлаасаа хальж УИХ-руу, Ерөнхийлөгчийн институц руу халин үргэлжлээд Үндэсний Аюулгүй Байдал, эцэс сүүлд нь Үндсэн Хуулийн Цэц рүү “үймж” асуудал хурцдсан. Сүүлдээ УИХ-ын дарга асан Дашзэвэгийн Амарбаясгалан, МАН-ын дарга Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нарыг баримтгүй мэдээллээр яллаж эхэлсэн. Эцэстээ эвлэрүүлэх комисс хүртэл гаргав. Эвлэрүүлэх комиссыг Сангийн сайд асан Чимидийн Хүрэлбаатар толгойлсон. Монгол Ардын Намын XXXI ИХ Хурлаас 3 хоногийн өмнө Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар МАН-ын даргад нэр дэвшихгүй хэмээн зарласан бол 2 хоногийн өмнө УИХ дарга асан Дашзэвэгийн Амарбаясгалан мөн нэр дэвшихгүй гэдгээ зарласнаар МАН-ын даргаар Ням-Осорын Учрал боллоо. Түүний 15 жилийн мөрөөдөл ийнхүү биелэсэн гэдгийг намынхаа их хурлын индэр дээрээс хэлсэн үгэндээ Н.Учрал онцолсон юм.
Уг нь МАН VIII дугаар бага хурлаар Дашзэвэгийн Амарбаясгалан олонхийн санал авч 31 дахь дарга болсон ч УИХ, Үндсэн Хуулийн Цэц, Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл гэх мэт талууд оролцон ордны хуйвалдаанаар түүнийг буулган авч, хэрэг тохож буланд шахсан.
Өнөөдөр АН-ын дарга Одонгийн Цогтгэрэл 50 настай, ХҮН-ийн дарга Тогмидын Доржханд 48 настай, Үндэсний Эвслийн дарга Нямтайширийн Номтойбаяр 46 настай, Иргэний зориг ногоон намын дарга Батын Батбаатар 52 настай бол хамгийн хөгшин нам болох МАН-ын дарга 38 настай, залуу гэдгээрээ бусдаасаа хол тасарч байна.
УИХ-д суудалтай нам эвслүүдийг энд дурьдсаны учир 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд эдгээрээс өрсөлдөгчдийн нэр тодорно. Хэн хэнтэйгээ ямар тохироо хийх нь ихээхэн сонирхолтой байх болно.
Одоохондоо Ерөнхийлөгчийн сонгуулийг түр орхиод МАН-ын дараагийн нүүдэл ямар байх вэ!
ҮГ өмнө нь бичиж байсан. МАН-ын хөлөг дээр "ноён" нь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх бол "бэрс" нь Дашзэвэгийн Амарбаясгалан байсан. МАН-ын XXXI хурлаар хуучин бэрс зайлуулагдаж, шинэ бэрс шатрын өрөг дээр гарч ирсэн нь Ням-Осорын Учрал юм. Өнгөрсөн жилүүдэд Ням-Осорын Учрал ерөнхийдөө “тэрэг” байсан бол ийнхүү хоёр давж нүүгээд “БЭРС” болсон нь ноёны нөлөө байсан гэдгийг ард нийтээрээ харж байна. Харин МАН-ын “мориор” тодроод байгаа Гомбожавын Занданшатарыг өрөг дээр яаж байрлуулах вэ гэдэг том асуулт хариултаа нэхэж буй.
Ахиад л Ардчилсан Нам золигт гарна
Ерөнхийлөгчийн хүний хувьд, МАН-ын шинэ даргыг энэ суудалд суулгахын тулд бүх хүч, боломж бололцоо, өөрийгөө ч золигт гарган зүтгэсэн Гомбожавын Занданшатарыг орхивол тэрээр их улстөрөөс ерөнхийдөө буцна. Гэхдээ Гомбожавын Занданшатар мартагдахыг үл хүснэ. Нэмээд Гомбожавын Занданшатарыг орхивол Ням-Осорын Учирал ч хударгагүй эр болж хувирна.
Ерөнхийлөгч Ухаанаагийн Хүрэлсүх аль зуны эхэн сард өөрийнхөө залгамжлагч гээд Гомбожавын Занданшатарыг “адисласан”. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллуулахгүйн тулд УИХ дах МАН-ын 30-ын бүлгийнхэн зүтгүүлсээр МАН XXXI хурлаараа “Ялсан намын дарга Ерөнхий сайд” байна гэсэн дүрмээ хэвээр үлдээж чадав. Хэрэв Гомбожавын Занданшатар Ерөнхий сайдаар үлдвэл УИХ дах 30-ын бүлгийнхэн ч зүгээр хараад суухгүй нь тодорхой. Түүнээс хариугаа авах гэж оролдсоноор "гурилан жонхуу"-гаар нэр төдий наасан намын эв нэгдэл нь сүйрэн унана.
Ардчилсан намынхан уламжлал ёсоороо МАН-ын зодоонд орж нүдүүлээд гарч ирдэгээрээ бас л “Намын дарга УИХ -ын дарга байж болохгүй” гэсэн хуулийг санаачилж түүгээр холдож байгаа гайг өөр дээрээ ахин дуудлаа. Ер нь тэгээд хоорондоо нүдэлдэж байгаа МАН-ын зодоонд гүйж орж хэмх нүдүүлээд байдаг “ХАРААЛ” эсвэл “ЕРӨӨЛ” ч юм шиг энэ байдлаасаа АН мөд гарахгүй нь бололтой. Ёстой нөгөө 'Үер' кинонд гардаг шиг “Молом”-оо чи үхвэл таарна л гэсэнтэй адил шахуу.
МАН-ынхан өнөөдөр их хурлаа хийж дуусгаад өөрийн өрөг дээрээ АН-ыг дуудна, дуудаж амжаагүй байхад л АН-ынхан өөрсдөө ноён түлхээд ороод явчихлаа . МАН-ынхан эвээ олж дуусаад АН-ын шүдний өвчин болдог ЛАЙВЧИН Даваагийн Мөнх-Эрдэнийн дүү УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар гэсэн хүүгээр нүүдэл эхлүүлнэ. Даваагийн Цогтбаатарыг дээд шүүх “Авилга албан тушаалын гэмт хэрэг”-т буруутай хэмээсэн. УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг өнөөдрийг болтол нэг ангийнхан нь бие биендээ хайртайдаа бус хэрэгцээ шаардлага нь гараагүй учраас түр орхиод жил тойрсон. Удахгүй МАН-ынхан түүний хэргийг гаргах нь лавтай.
МАН-ын залуу дарга Ням-Осорын Учрал Ерөнхий сайд болж, Гомбожавын Занданшатар УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог дээр Даваагийн Цогтбаатарын оронд сонгогдох магадлал өндөр, яг өнөөдрийн хувьд түүнтэй энэ тойрог дээр өрсөлдөх аавын охин, ээжийн хүү аль ч намд алга . Гарьд магнай кинонд гардагчлан “энэ хавтгайд алга” гэдгийг чи ч харлаа би ч харлаа гэдэгтэй утга дүйх юм.
Ийнхүү Гомбожавын Занданшатар УИХ-д орж ирснээр МАН бүтэн болно. Дараа нь барьцаа улам лавшруулаад 2027 оны зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд Гомбожавын Занданшатар МАН-аас нэр дэвшихэд саадгүй юм. Түүний зам мөрийг лайфчин Даваагийн Мөнх-Эрдэнийн дүү Даваагийн Цогтбаатар засах болно.









