




















Өчигдөр орой буюу ням гарагийн орой нийтээрээ ЗГ-ын ирэх 5 жилийн ЗОРИЛТ-ыг сонсож өнгөрөөв. Гадаад харилцааны яамны хурлын танхимд болсон Засгийн газрын хэвлэлийн хурлаар ирэх 5 жилд Монгол улс хаана хүрсэн байх тухай төсөөллийг буюу үндсэн чиглэлийг танилцуулсан. Хэвлэлийн хурлын эхэнд танхимын тэргүүн 2030 он гэхэд Монгол улс ямар байхыг төсөөлж, төлөвлөснөө илтгэв. Гэхдээ улстөрчид метро барина, дүүжин тээвэртэй болгоно, утаагүй болгоно, зун ус тасрахгүй болно гэж өмнө нь улиг болтол амласан ч амлалт бүр нь зөвхөн цаасан дээр л үлдсэн тул иргэд итгэхээ больсон шахуу. Тэгээд ч маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэж үг бий. Маргааш гэхэд дэлхийн дэг журам ямар байх нь тодорхойгүй, олон улсын талцал хуваагдал эрчимжиж, технологи жил сараар бус өдөр цаг минутаар хөгжиж байхад чөлөөт зах зээлтэй, ардчилсан улсад 5 жилээр төлөвлөх нь үнэндээ хэтэрхий урт. Тэгээд ч 365хан хоногийн хугацаатай төсвөө жилдээ 2-3 удаа тодотгодог ЗГ-ын 5 жилийн дараахад итгэнэ гэдэг "Зэрэглээ"-г бодит гэж итгэхтэй ижил бэрх.

Баримтаар тодруулъя:
1-Ирэх 5 жилд дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэг хүнд ногдох дүнгээр 10.700 ам.долларт хүргэнэ гэж. Хичнээн олон жил ДНБ-10 мянган ам.доллар гэсэн зорилт, зорилго, мөрөөдлийг цаасанд бичив. Тиймээс энэ тоо чихэнд наалдаж, тархинд хадагдах тоо биш.
2-Өрхийн дундаж орлого хэд болох? Огт дурьдаагүй
3-Цалин хөлс хэд байх? Мөн л дурьдаагүй
4-Хүн ам хэд болох? Аль ч сайд танилцуулаагүй
5-Малын тоо толгой хэд байх? Мөн л хэн ч хариулаагүй
6-Гэмт хэргийн гаралт хэрхэн буурах? Мөн л хэн ч тодорхой мэдээлэл өгөөгүй
7-Эдийн засгийн өсөлт 26,27,28,29,30 онд хэд хэд болж нэмэгдэх? мөн л ямар ч тоо байгаагүй
8-413 мянган иргэнээ ядуурлаас гаргана гэсэн боловч хэрхэн, яаж? Жил тус бүр хэдэн хүнийг ядуурлаас гаргах вэ гэх мэт нарийвчилсан төлөвлөгөө байхгүй.Ядуурлын түвшин гэдгээ мөнгөн дүнгээр одоогийнхоор тооцох уу, эсвэл ямар аргачлалаар тооцох гээд мөн л тодорхойгүй
9-Гэр бүлийн нэг гишүүнийг ХАОАТ-аас чөлөөлнө гэж татварын шинэчлэлийг гэр бүлд хүргэнэ гэсэн зорилтын нэг хэсгээ Т.Аубакир сайд танилцуулсан. Гэвч Сангийн сайд Б.Жавхлан тийм юм ер байхгүй. 800 мянган төгрөгийн цалин орлогоос татвар тооцохгүй болно. Жишээ нь 800 мянган төгрөгийн цалинтай иргэнээс татвар тооцож суутгахгүй бол 2 сая төгрөг, 20 сая төгрөгийн цалин орлоготой иргэний эхний 800 мянган төгрөгөөс ХҮН АМЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР авахгүй буюу 1 сая 200 мянган төгрөгөөс тооцож татвар авна л гэсэн санаа гэв.
10-Ипотекийн тусгайлсан банк байгуулна. Барилгын сан байгуулж, хуримтлал үүсгэнэ. Төвбанкнаас Ипотекийн зээлийг ЗГ угаасаа л авах үүрэгтэй. Үүний хүрээнд зээл олгохгүй, зөвхөн санхүүжилт олдог, олгодог банк байгуулах аж. Гэхдээ дэлхийн хаана ч 6 хувийн хүүгээр 20-30 жил зээлдүүлэх төгрөгийн зээлийг давж гарах хямд ам.долларын эх үүсвэр байхгүй. Тиймээс Төсвөөс санхүүждэг дахин нэг банк, банкны захирал, банкны газрын захирлуудыг татвар төлөгчид бид тэжээнэ гэсэн үг. Барилгын сан гэдэг нь яг ямар сан байх, хөрөнгөө хаанаас олохыг Сангийн сайд ч хариулж чадаагүй. Тиймээс бас л нэг ЖДҮ сан гэсэн үг. Ж.Энхбаяр, Я.Содбаатар гэх мэт олон улстөрчид ЖДҮ сангийн зээлдэгчид байсан шиг мөн л тийм улстөрчид энэ санг ашиглах биз. Харин хэдэн иргэнээ орон сууцад оруулах, жил бүр хэдэн өрхийг орон сууцны зээлд хамруулах тухай тоо мөн л яригдаагүй,танилцуулагдаагүй.
11-Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэд шүдээ үзүүлэх, архины хордлогоо тайлуулдаг гэх мэт үйлчилгээг хасна. Ер нь иргэн өөрийн эрүүл мэндээ хариуцна. Нийтийг хамарсан хүнд хэлбэрийн өвчинд л даатгалаас санхүүжилт олгоно. Түүнээс иргэний хувийн хариуцлагагүй байдлаас үүдэн үүссэн өвчлөлөө үнэ төлбөртэй үзүүлдэг болно. Жишээ нь ШҮД.
12-НӨАТ. Ирэх оноос НӨАТ-ын буцаалтыг 1 сая төгрөг дотор 5 хувь буцаана. Түүнээс илүү бол 2 хувийн буцаалт олгоно. Цаашдаа 2030 хүрэхэд НӨАТ 10 хувь буцааж өгдөг болсон байна. Бүрэн улсын бүтэн 5 жилийн зорилт дотор татварын буцаалтыг 5 хувиар нэмэгдүүлнэ гэдэг зорилт байгааг ёстой ГАЙХАМШИГ л гэх байх. Ийм өрөвдөлтэй зорилт ч гэх үү зорилго ч гэх үү жөүк ч гэх үү байж болох уу даа ер нь.
13-Эрчим хүчний хараат байдлаас гаргана. Олон жил ярьсан төслүүдийг хөдөлгөнө, эрчимжүүлнэ. Тэгээд эрчим хүч хангалттай болно. Дутагдлаас гарна. Энэ харин яг бодит үнэнээ ойлгосон, хэрэгжих боломжтой төсөөлөл санагдав. Эрчим хүч экспортлогч болно гэх мэт хэт хөөрүү мөрөөдөл биш.
14-Уул уурхайн салбарыг хэрхэн хөгжүүлэх нь тодорхойгүй. Хөрөнгө оруулалт яаж татах нь ч тодорхойгүй. Баахан баяжуулах үйлдвэр барина гэж төсөөлсөн. Жишээ нь Гэрэлтговь үйлдвэр технологийн парк төслийн хүрээнд 3 сая тонн нүүрс угаах үйлдвэр. Арай ч үгүй биз гэж ахин дахин сонссон ч үнэхээр Ерөнхий сайдын амнаас гарсан нь баттай. Энержи ресурс гэхэд л жилдээ 15 сая тонн нүүрс угаан баяжуулж байхад 2030 онд улсын том төсөл болох үйлдвэр технологийн парк нь 3 сая тонн нүүрс угааж баяжуулна гэхээр бид нүүрсийг халбагадаж экспортлохтой л ижил сонсогдов.
15-Монгол хүний насыг хэдээс хэд болгож уртасгах. Ингэхийн тулд ямар бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх нь мөн л тодорхойгүй.
За ингээд дурьдаад байвал дуусахгүй их ЗЭРЭГЛЭЭ-г харж нэгэн үдшийг өнгөрөөв. 2030 он хүртэл бид үнэхээр хөгжмөөр байна. Гэхдээ юу хийхээ зөв тодорхойлж, зарчимтай, тоотой, зорилготой нягт ажиллах Засгийн газартай байх нь хамгийн эхний ДАВАА бололтой.










