



















Эхний ялагдал
2024 оны сонгууль түүхэнд сайнаар ч саараар ч мөрөө үлдээж, ирэх жилүүдийн өнгийг тодорхойлсон. Өнөөдрийн улстөрийн гол маргаан ч 126 гишүүнтэй, томсгосон тойрог болон жагсаалтын гишүүдийг хамтатган сонгосон 2024 оны УИХ-ын сонгуультай шууд холбоотойг бид харцгааж байна. Хэрэв одоогийн Ерөнхий сайд маань УИХ-ын сонгуульд “нам” ялагдаж хамраараа шороодоогүй бол нэг намын даргын маргаан газар авч, нам ТӨРИЙГ “нугаслах” аргагүй байх байлаа.

УИХ-ын дарга, намын лидерийн хувьд тэр Хангайн бүсэд өөрөө хийгээд залуусаа дагуулан өвдөг шороодсоноор 80 хувийн ялагдлын гол буруутан болсон. Нийт 10 нэр дэвшигчийн ердөө 2 нь л ялж, үлдсэн 8 нэр дэвшигч хамраараа газар хатгасан нь яах аргагүй тухайн үеийн УИХ-ын даргын буруу болно.
Удаах ялагдал
Улстөрийн намын тухай хуулийн өөрчлөлтөөр намууд намын их хурлаа хийж, намын дүрмээ хуульд нийцүүлэн өөрчлөн Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх учиртай. Тиймээс ч намуудад намын дарга хийгээд намын дүрмийн хэлэлцүүлгүүд өрнөж, өрсөлдөөн хурцадсан. АН-ын тухайд УВС-100 жилээр тохиролцсон яриа албажиж О.Цогтгэрэл намын дарга болоод буй.
Харин эрх баригчид намын даргын сонгуулиасаа болж 3 тал болчихоод Төрийн нэр нүүрийг үгүй хийж сууна. Үүнд гол буруутан мөн л Ерөнхий сайд Г.Занданшатар. Намдаа ялалт авчирсан Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас унагаж, багаараа ялагдсан Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилсон нь улстөрийн намаас хол байх учиртай Ерөнхийлөгчийн бодит оролцоо ямар байгааг илтэд харуулсан. Өнөөдөр ч мөн түүний оролцоо бага биш байна. Тиймдээ ч намын бага хурлаар дахин өвдөг шороодсон Г.Занданшатарт Ерөнхий сайд гэсэн алба дээр нь намын даргын тамга атгуулахаар Төрийг хөдөлгөж эхлээд буй.
Унасан бөхөө дахин дахин шороотой өвдгийг нь арчаад л дэвүүлээд байх нь “Наадам”-аа үгүйсгэхтэй адил дараалан ялагдсан, бие тааруу, настай улстөрчөө зүтгүүлсээр байвал намаа үгүй хийж, хоёр нам болохын эхлэлийг МАН тавьж мэднэ. Ганц улстөрчийн дуусашгүй, дундрашгүй хүслийн гороор МАХН өмнө нь МАН болон МАХН гэж хоёр хуваагдан салсан түүхийг мартаж болохгүй.
Үргэлжлэх алдаа
Нүүрсний хулгай газар авч, намчид Төрийг цуслаж байсан нь ил далд яригдсаар өнөөдрийг хүрэв. Яг таг баримттай, шүүхээр эцэслээд шийдсэн нь их наядаар үнэлэгдэх, оролцоогүй хүнгүй хулгайн хажууд ганц Б.Ганхуягийг ялласан нь ёстой нохойн жогорхой. Гэтэл нүүрсний хулгай ЗГ-ын хоорондын, ЗГ-ын захиалан гүйцэтгүүлсэн ажлуудын гэрээнд байгааг хэн хүнгүй мэдэж байна. Г.Занданшатар Ерөнхий сайд тэр үед ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын дарга байсан тул бүгдийг мэдэж байсан, байх ёстой. Нөгөө Ц.Нямдорж гуай Н.Энхбаярыг баривчлагдах шөнө унтаж байсан, манайх “зурагтгүй” гэж залсан шиг түүнийг нүүрсний асуудал, гэрээ, зөвлөмж, өгөө аваа юу болсныг болж байгааг мэдээгүй гэхэд итгэх нярай ч олдохгүй.
Үлдэх алдаа
Хэрэв Г.Занданшатар Ерөнхий сайд хүчээр ч хамаагүй намын дарга болвол бид дарангуйллыг хүлэээн зөвшөөрөх зам руу гулсана. Учир нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн. Энэ сонгуульд МАН-ын дарга, Ерөнхий сайд Г.Занданшатар өрсөлдөх нь дамжиггүй. Харин тэр “ялагдах” нь гарцаагүй. Ингээд Ерөнхийлөгчийн албанаас буусан одоогийн Ерөнхиийлөгч У.Хүрэлсүх намын дарга болж улстөрд буцан ирнэ. Дараа жилийнх нь 2028 оны сонгуульд тэрээр намаа авч орно. Намаа авч ороод ялбал УИХ-ын дарга хийж үзэх бодол бий. Түүнд Ерөнхий сайд хийж, улс орноо хөгжүүлж, цэнгэлийн манлайд хүргэхээс илүү Төрийн 3 өндөрлөгийг хийж үзсэн удаах хүн болж түүхэнд үлдэх л явцуу сонирхол байх магадлалтай. Мөн өвгөн болтлоо Монголын төрөөс өөрийгөө санхүүжүүлэх эрх ашиг ч байхыг үгүйсгэх аргагүй. Тиймгүй бол улстөрийн намаас ангид байх учиртай Төрийн тэргүүн УИХ-ын хурлын 126 гишүүнийг загнаж, зандран, заналхийлэн байж ЗГ-ыг огцруулан оронд нь давхар ялагдал хүлээсэн өөрийн хүнээ буюу Тамгын газрын даргаа Ерөнхий сайд болгохгүй.
Эцсийн дүндээ энэ бүхэн сонгодог парламентыг бий болгох гэсэн МАН-ын шинэ үеийг дарах гэсэн явцуу сонирхолын илрэл. Хэрэв шинэ үндсэн хууль бичиж, өргөтгөсөн парламентаасаа буюу УИХ, НИТХ, аймгуудын ИТХ-ын төлөөлөгчдөөсөө Ерөнхийлөгчөө сонгодог, УИХ байнгын ажиллагаатай хууль хэлэлцдэг, өргөтгөсөн парламент нь улсын ерөнхий төлөвлөгөө, МЕГА төслүүдээ хэлэлцдэг гээд дэлхийн жишгийн дагуу болчихвол одоогийн улстөрийн бохир тоглолт үгүй болох, төрийн тэргүүний ил далд дарамт, дарангуйлал, эрх мэдэл хумигдах учраас л “амиа” тавин Г.Занданшатар гэх хүн ялагдсан ч дэвсээр байхыг чармайж байна.










