



















Монголчууд эртнээс Монголын заяа их гэж ярьдаг. Үүнээс илүү билэгтэй үг Монголчуудад үгүй биз . Үнэхээр заяагүй дээ л дэлхийд зэвсэглэлээр хоёрдугаарт, эдийн засгаараа бараг тэргүүлэх хэмжээнд байгаа хоёр орны дунд 3.5 саяуулаа “Ардчиллын баян бүрд” гэж хэлэгдээд суухав дээ.
Тиймээ Монголчуудын буян заяа их. Ямар заяагүй дээ л Баянхонгор аймгаас гаралтай MCS-ийн Ж.Оджаргал, Женко Х.Баттулга гэх хоёр олигархын ашиг сонирхол дундаас Монголын ард түмэн хожиж суухав дээ. Монголын хамгийн зуд турхан болдог хахирган уур амьсгалтай аймгаас гаралтай хоёр том бизнесмэн хэзээ ч ширээний ард суугаад тохирдоггүй нь сайны цаадах сайн явдал билээ.
Энэ хоёр хоёулаа л “ашиг” гэдэг үгэнд нугасгүй дуртай, нэгнээ илүү хөрөнгөжихийг “үзэж чадахгүй” бизнесмэнүүд. Хэнийг нь ч гайхалтай сайн, ёсзүйтэй, жинхэнэ “том бизнесмен” гэж өмөөрөх зүйл огт үгүй. Хоёулаа Х.Баттулгын хэлдэг 30 гэр бүлийн тод төлөөлөл.Тэдэнд ашиг сонирхлоос өөр зүйл үгүй. Өнөөдрийн үнэ цэн, ирээдүйн үнэ цэнгүй бол тус хоёр бизнесмен хөрөнгөө гаргадаггүй. Зарим хүмүүс энэ хоёр олигархыг бидний төлөө эмнэлэг, сургууль, буудал барьж, мах талх зардаг гэх мэтээр магтан дуулах гэж оролддог. Угтаа бол нягт тооцоо, нямбай үндэслэлийн ард нь дандаа ашиг, өгөөж гэх ойлголт л дагана.
Ядахад Баянхонгор аймгаас гаралтай энэ хоёр олигархын эрхэлдэг бизнес нэгнийгээ илүү өндийлгөхгүй гэсэн шиг ижилхэн хоёулаа буудалтай, хоёулаа мах зардаг, хоёулаа сургуультай, хоёулаа цахилгаан бараа зарж байсан, хоёулаа бар ресторан ажиллуулдаг гээд угтаа оонын хоёр эвэр шиг адилхан олигархууд. Бараг бүх салбарт өстэй мэт зах зээлээ булаацалдаж байдаг хоёр. Хоёулаа нүүрсний бизнест асар сонирхолтой, хоёулаа нүүрс тээврийн төмөр замд хяналтаа тогтоох гэж сүүлийн 10 жил оролдож, муугаар хэлбэл цусгүй алалдаж буй хоёр.
Бас болоогүй “Таван Толгой”-н орд газраас хоёулаа ихээхэн ашиг хүртсэнээрээ тун адилхан. Ж.Оджаргал нь нүүрс олборлож зарж ашиг хүртсэн бол Х.Баттулга нь төмөр зам барих нэрээр ашиг хүртсэн. Энэ хоёр олигархын хүртсэн ашгийг та бид хэзээ ч мэдэж чадахгүй өнгөрнө. Мэдээж эднээс гадна хурган ашиг хүртсэн Ажнай Б.Бат-Эрдэнэ гэх эрхмээс авахуулаад цөөн биш. Гэхдээ энэ хоёр шиг улстөрд хүчтэй нөлөөлж тухайн үеийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийг лоббидсон нь харин юу л бол. Хүрээний бузрыг ухвал гэдэг шиг “Таван Толгой” ордын хулгайг яривал саяхан өнгөрсөн Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат гуайгаас эхлээд дуусахгүй яриа болно.
Х.Баттулгын хувьд аль эртнээс өс санаж ирсэн MCS авахгүй бол улсад нь үлдээе гэсэн санаа цухлаараа авч үлдсэнийгээ ард олны төлөө хийсэн мэт ардын баатар болох гэж оролдож суух. Засгийн газрын хурлаар хууль бус шийдвэр гаргуулж “Ухаа худаг”-ийг өөрийн болгосон Ж.Оджаргал бас л нэр цэвэр хүн биш гэдгийг Монголын ард түмэнд өнөөдөр тодорхой болж байх шиг байна. Ийм л хоёр хүний толихолцоон дундуур Монголчуудын нүд нээгдлээ. Гэхдээ хожуу нээгдсэн. Хожуу гэж харамсаж болохгүй цаашдаа Х.Баттулга шиг, Ж.Оджаргал шиг олгирхуудыг төрөн гарахыг хуулиар хааж өгөх хэрэгтэйг хаа хаанаа мэдэж авцгаалаа. Монголчууд сэргэг байх учиртай. Мөн тэднээс санхүүждэг улстөрчдийг Монгол Төрийн ордонд, төрийн шийдвэрт ойр байлгах ёсгүй. Эхнээсээ орчихоод эздээ өмөөрөөд сүйд болж байгаа мэт дүр зураг ил байна. Ж.Оджаргал УИХ гишүүн Ч.Лодойсамбуу гэдэг “хүүгээ” "цагаан" талаас хоёр нүд түлхсэн бол, Х.Баттулга Ө.Шижир гэдэг хүүгээ "хар" талаас мөн л түлхсэн. Тэдэнд олон хүү, тэрэг, тэмээ, бэрс УИХ-д бий. Монголын заяа их гэдэг шиг энэ хоёрын атгаг “шуналыг” илэрхийлэх шатрын өрөг Монгол гэх ширээн дээр хүчтэй, нухацтай өрнөж байна. Цаашдаа хэн нэгний давуу эрхгүйгээр Монгол Улс хөгжих ёстой.
Ноён “ногоон” долларын тэрбумтан болох гэсэн энэ хоёр хүний толихолцоон Монголын ард түмэнд “Таван Толгой”-н бүлэг ордыг үлдээж байх шиг байна.
Нэг харахад “Таван Толгой”-н бүлэг ордыг бүхлээр нь Ж.Оджаргалд өгөөгүй Х.Баттулгын гавъяа ч юм шиг нөгөө харахад төмөр замыг Х.Баттулгад өгүүлээгүй Ж.Оджаргалын ч гавъяа юм шиг. Эцэст энэ хоёрын толихолцоон дунд Монголын ард түмэнд “Таван Толгой”-н орд газар үлдсэн байхаа гэж найдаж байна..
Үлдэж чадлаа гэж байн байн бичээд байгаагийн санаа нь цаашдаа энэ хоёр шиг Монголын баялагийг “ховх сорох” гэсэн олигархуудыг Монголчууд таньдаг байх ёстой. Ч.Лодойсамбуу гишүүний амны уншлага болсон "Хэрсүү ард түмэн" болох нь чухал.
Монголын заяа ихийн бас нэг баталгаа нь өнгөрсөн буюу 2020-2024 онд УИХ-ын гишүүн байсан нөхөд, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нарын 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр батлуулсан "Үндэсний Баялагийн Сангийн Тухай Хууль" юм. Энэ хууль хэрэгжээд, Монголчуудад үр ашгаа өгвөл "Алтан дээр суусан баян улс" болох боломж бидэнд байна.
Цаашдаа улсынхаа нэрийн өмнөөс гэрээ хийх гэж байж тухайн компанийн хувьцааг худалдан аваад гэрээ дууссаны дараа зарж ашиг олдог, эсвэл гэрээ хийсэн компанитайгаа эхнэрийнхээ компаниар дамжуулан катерингийн (ажилчдын өдөр тутмын хоолны хангамж) үйлчилгээг авч хэдэн тэрбум төгрөгийн орлого олчихоод юу ч болоогүй мэт худлаа ярьж суудаг улстөрчдийг ТЭНГЭР НИРГЭГ.










